Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “АНУ Пёньяны эсрэг “буруу шийдвэр” гаргасан тохиолдолд БНАСАУ юу ч хийхэд бэлэн байгаагаа харуулж, “Хвасон-18” тив алгасах баллистик пуужинг амжилттай хөөргөсөн” гэж мэдэгджээ.

Тэрбээр “АНУ болон түүний дагуулуудын увайгүй амбиц аяндаа арилахгүй бөгөөд Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын үндсийг зөрчиж буй дайснуудын бодлогогүй, хариуцлагагүй цэргийн заналхийллийг хэзээ ч зүгээр хараад сууж болохгүй” гэж хэлснийг Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) иш татан мэдээлсэн байна.

Ким Жон Ун “Бид удаа дараа хатуу анхааруулж, зэмлэн буруушааж байсан ч бүтэн жилийн турш үргэлжилсэн цэргийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж буй дайсагнагч хүчнийхэнд тодорхой дохио илгээсэн. Сургуулилтаар бид ямар яаралтай арга хэмжээ авахад бэлэн байгаагаа, бидний сонголт ямар байхыг тодорхой харууллаа. Хэрэв Вашингтон “буруу шийдвэр” гаргавал бид эсэргүүцэх болно” гэж нэмж хэлжээ.

Түүний хэлснээр, Пёньян Вашингтон цаашид дайсагнасан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд “илүү дэвшилтэт, заналхийлсэн хувилбарууд”-ыг ашиглан, “илүү идэвхтэй довтолгооноор” хариу өгөх аж. БНАСАУ-ын удирдагч сургуулилтын дараа цөмийн зэвсэглэлээ эрчимтэй бэхжүүлэх талаар “шинэ чухал зорилтууд” тавьсан гэж KCNA тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу