Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн аргаар болон шүгэл үлээгчээр дамжуулан олж авсан сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин нээгдэж байгаа юм. Тиймээс энэ талаар “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч, өмгөөлөгч Л.Галбаатараас тодрууллаа.

-Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг боллоо. Олон улсад энэ талаар ямар зохицуулалт байдаг вэ?

-Олон улсад ийм заалт байхгүй. Олон улсын холбогдох хэм хэмжээн дээр иргэдийн мэдээлэлтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах гол механизм гэж үздэг. Тийм учраас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, түгээх эрхийг хязгаарлахад чиглэсэн ямар нэгэн хууль тогтоомж батлахыг олон улсын пактад хориглосон байдаг. Энэ хүрээнд хүний эрхийн олон улсын байгууллагууд холбогдох зөвлөмжийг тухай бүрд нь засгийн газруудад өгдөг. Энэ нь тухайн албан үүргийн дагуу нууц хариуцсан хүнд л нууц задруулсан эсэхээр хариуцлага яригдах ёстой. Түүнээс албан ёсоор үүрэг хүлээгээгүй этгээд буюу сэтгүүлч, шүгэл үлээгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд эрүүгийн хариуцлага огт хүлээлгэж болохгүй. Мэдээллийг ил болгосны төлөө ямар нэгэн эрүүгийн хариуцлага ярих нь хүний эрхийн олон улсын хэмжээнд нийцэхгүй. Тэгэхээр энэ нь олон улсын гэрээ, жишигт нийцэхгүй ийм заалт батлагдсаны нэг жишээ болж байна.

-Хүний эрхийн талаар олон улсад дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ гэж байдаг байх. Монгол Улс үүнд хэзээ нэгдэн орсон бэ?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэж 1966 онд батлагдсан хүний эрхийн хамгийн гол үндсэн баримт бичиг бий. Үүнд Монгол Улс нэгдэж орсон байдаг. Тус пактад хүний эрхийг дордуулсан аливаа хууль хэмжээг баталж болохгүй гэж тодорхой заасан байдаг. Үндсэн хуулийн аравдугаар зүйлд нэгдэж орсон олон улсын гэрээгээ шударгаар сахин биелүүлнэ, олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжид адил үйлчилнэ гэж заасан байдаг. Тэгэхээр олон улсын гэрээгээ дагаж мөрдөх, тус гэрээгээр хүлээсэн амлалтаа биелүүлэх шаардлага бий.

-Олон улсаас энэ тал дээр хэрхэн зөвлөгөө зөвлөмж өгч анхаарч, хяналт тавьж ажилладаг вэ?

-Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрхийн хорооноос дөрвөн жилийн давтамжтай Монгол Улсын Засгийн газарт зөвлөмжүүд өгдөг. Тухайн зөвлөмжид ч гэсэн дотоодын хууль тогтоомжоо энэхүү пактад нийцүүлж өөрчилнө үү гэж зүйлийг удаа дараа хэлж байна. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ч гэсэн 2015, 2020 онд тодорхой зөвлөмжүүд өгсөн. Танай дотоодын хууль иргэний болон олон улсын пакттай нийцэхгүй байна. Нийцүүлэх арга хэмжээ авна уу гэсэн зөвлөмж хэлдэг.

-Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийг намын бүлэг дээр хоёр удаа татъя гэж тайвшруулж байгаад оруулчихлаа. Энэ удаа Ерөнхийлөгчид хандах сүүлийн боломжийг та бүхэн ашиглаж байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол яах вэ?

-МАН-ын дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал оруулсан байдаг. Бүлгээс энэ заалтыг дэмжихгүй байна. Энэ заалтыг хасах нь зөв гэдэг байдлаар санал хураасан боловч Хууль зүйн байнгын хороо энэ заалтыг хэвээр байлгах саналтай байсан. Иймд Хууль зүйн байнгын хорооны санал дэмжигдээд, энэ заалт хэвээрээ батлагдсан. УИХ-аар хэлэлцүүлж үзсэн. Тиймээс тайвшруулах маягаар бид хичээсэн, гэхдээ олонхын саналаар ийм зүйл болчихлоо гэж магадгүй.

-Сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар хорьж шийтгэж байгаа нь эргээд Хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай хуультайгаа хэр зөрчилдөж байна вэ?

-Ерөнхийлөгч хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй институт болохынхоо хувьд хүний эрхийн талд зогсож, хориг тавих нь зүйтэй. Өмнө нь олон нийтийн сүлжээнд Хүний эрхийг хамгаалах тухай хууль, Үндсэн хууль нь хүний эрхийн холбогдох зүйл заалтад нийцэхгүй байна гэдэг дээр хориг тавьж байсан. Энэ удаа ч гэсэн хориг тавих нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ хориг тавихгүй тохиолдолд мэдээж хууль зүйн хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж хүчингүй болгох гэдэг арга бий. Нөгөө талаар хууль тогтоогч баталсан хуулиа эргэж хараад өөрчлөх боломжтой. Энэ нь УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн гол хариуцах зүйл болж байна гэсэн үг. Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл дээр ч гэсэн НҮБ, Хүний эрхийн зөвлөл зөвлөмж өгсөн байдаг. Эрүүгийн хуульд гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг оруулж болохгүй. Үүнийг Эрүүгийн хуулиасаа халах ёстой. Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудал бол Иргэний хуулийн зохицуулалтаараа явах ёстой. Монгол Улсын Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлүүд дээр тодорхой зохицуулсан. Хүний нэр төр, алдар хүндийг сэргээх зохицуулалт нь өөрөө тэр хуулиудад байгаа юм.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу илт худал мэдээлэл гэж юуг хэлж байгаа нь тодорхойгүй, тиймээс хуульд байж болохгүй гэж олон хуульч хэлж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл өөрөө шүүмжлэлтэй байгаа хуулийг хязгаарлах зорилгоор түгээмэл ашиглагдаж байна. Энэ заалтыг ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд ашиглаж байна гэдгийг Хүний эрхийн зөвлөлөөс хэлсэн байдаг. Тийм учраас Эрүүгийн хуульд огт байж болохгүй заалт гэдгийг Хүний эрхийн олон улсын байгууллагууд хэлсэн. Монгол Улсын Засгийн газар ч гэсэн 2015 онд ийм агуулгатай зөвлөмж өгөхөд нь хүлээж аваад, Эрүүгийн хуульд хуучин 2002 оны хуульд 110, 111 дүгээр зүйлийн гүтгэх, доромжлох гэснийг халж байсан. Харамсалтай нь, 2020 онд Эрүүгийн хуульдаа оруулаад, хүндрүүлээд явчихсан. Энэ бол хүний эрхийн зөвлөмжийг дүр үзүүлж биелүүлсэн асуудал болж байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд илт худал мэдээлэл гэдэгт юуг ойлгох вэ гэдэг нь тодорхойгүй, ямар нэгэн хууль тогтоомж тайлбарласан зүйл байхгүй. Тэгэхээр үүнийг мөрдөгч, прокурор хэрэг болгон дээр өөр өөрийнхөөрөө тайлбарлах боломжтой болчихож байна гэсэн үг. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдгийг нэг мөсөн ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Янз бүрийн тохиолдолд өөрөөр хэрэглэдэг зүйл бол Үндсэн хууль, Эрүүгийн хуулийн ерөнхий зарчимдаа нийцэхгүй.

-Энэхүү зүйл заалтыг халах, цаашид олон нийтэд хүний эрхийг зөрчсөн асуудлыг хууль батлагдахаас нь өмнө сануулж, анхааруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллах ёстой вэ? 

-Хууль санаачлах ихдээ гурван субъект байдаг. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч юм. Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг тус хуулиас халах чиглэлээр хууль санаачлагчид ажиллах боломжтой. Үүнийг 2017 оноос хэлж байна. Яагаад гэхээр 2017 онд Зөрчлийн тухай хууль дээр 6.21 буюу гүтгэх гэдэг зөрчил байсан. Яг тэр агуулгыг Эрүүгийн хуульд 2020 онд нэмчихсэн. Тиймээс Иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийн байгууллагууд олон жил дуугарч байна. Хууль санаачлагч, хууль тогтоогч нар энэ асуудал дээр хойрго хандаж байна. Хүний эрхийн мэдрэмжгүй байгаа нийтлэг асуудал байна. Зөвхөн бид хүний эрхийг хамгаалж ажиллана гэж хэлэх хангалтгүй. Үйл ажиллагаа дээр хүний эрхийн мэдрэмжтэй байх шаардлага бий. НҮБ-аас Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтраад, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд хүний эрхийн 75 жил тогтсон хэм хэмжээг холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж батлах, түүнийгээ ажил хэрэг болгож ажиллах шаардлага байна. Тийм учраас иргэний нийгмийн байгууллага болон нөлөөллийн ажлуудаар таниулж ойлгуулна. Дахиад 2024 оны сонгууль 126 гишүүн гээд шинэ хүмүүс орж ирэхээр хүний эрхийн асуудлыг ойлгуулах, таниулах нөлөөллийн ажлуудыг хийсээр явна.

-Олон улсын Хүний эрхийн комисст 21.9-ийг эргэн татах асуудлаар санал хүргүүлэх боломж байдаг уу?

-Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хориотой. Тиймээс үүнийг ингэж хийх нь зүйтэй шүү гэдэг дээр зөвлөх хэмжээнд л олон улсын хүний эрхийн байгууллага ажиллана. Түүнээс шууд өмнөөс нь ямар нэгэн байдлаар ажил хийх боломжгүй. Гол нь мэргэжлийн байгууллагын тэнцвэртэй зөвлөмжийг ойлгож, хүлээж аван, хэрэгжүүлэх дээр л хууль тогтоогч, хууль санаачлагчид анхаарах хэрэгтэй байгаа юм.

Н.УЯНГА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу