Хятадын баруун хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 131-д хүрч, олон зуун хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн Мягмар гарагт мэдээлэв.

Ганьсу мужийн Жишишань мужид өнгөрсөн Даваа гарагийн шөнө болсон газар хөдлөлт Хятадад сүүлийн арван жилд тохиолдоогүй хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт болж, байшин барилгууд нурж, замууд эвдэрч, цахилгаан, холбооны шугамууд тасарсан байна. Аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлж буй бөгөөд оршин суугчид өвлийн тэсгим хүйтэнд гадаа хонож байгаа аж.

Мягмар гарагийн өглөөний байдлаар, Ганьсу мужид газар хөдлөлтийн улмаас 113 хүн амиа алдаж, 772 хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын CCTV телевиз мэдээлсэн. Улмаар 15 мянган барилга байшин нурж, хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарчээ.

Хөрш зэргэлдээх Чинхай мужид 18 хүн нас барж, 198 хүн бэртэж гэмтсэн бөгөөд 16 хүн сураггүй алга болсон талаар орон нутгийн албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Газар хөдлөлт шөнө дунд буюу иргэдийг унтаж амарч байх үед болжээ. АНУ-ын Геологийн албанаас 5.9 баллын хүчтэй гэж үзсэн бол Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв (CENC) 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн мэдээлсэн билээ.

Газар хөдлөлтийн голомт Төвдийн өндөрлөгийн зүүн захад орших уулархаг бүс болох Ганьсу болон Чинхайн хилийн ойролцоо байжээ. CENC-ийн мэдээлснээр, Мягмар гарагийн өглөөний байдлаар газар хөдлөлтийн дараа есөн удаа гурав ба түүнээс дээш магнитудын хүчтэй чичирхийлэл болсон байна.

CCTV Мягмар гарагт “Ганьсу болон Чинхай мужид цахилгаан эрчим хүчийг сэргээлээ” гэж мэдээлсэн бөгөөд энэ нь халаалт зайлшгүй шаардлагатай газруудад маш чухал мэдээлэл юм.

Хятадын цаг уурын газраас “Ойрын гурван өдрийн турш газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутгийн зарим хэсэгт агаарын хэм -19 хэм (-2.2 хэм) хүрч буурч магадгүй” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу