Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс сэтгүүлчид нийслэлд оройн цагаар цахилгаан эрчим хүч хэсэгчлэн тасрах болсон талаар тодрууллаа. 

Тэрбээр “Уржигдар оргил ачааллын цагаар төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 1618 МВт болсон. Тэр үед хэрэглэгчид дунд тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Энэ нь манай хэрэглээ хэт өсөж буйгаас шалтгаалж байна. Мөн хэт хүйтэн болж байгаагаас системд гэмтэл гарах тохиолдол бий.

ОХУ нийлүүлэх хэмжээгээрээ буюу 345 МВт-аа нийлүүлж байна. Тэгээд ч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн -30 градусаас дээш хүйтрэх үед салхин цахилгаан станцын нийлүүлэх хэмжээ багасаж байна. Салхин цахилгаан станц оргил ачааллын үед хэр оролцоотой байхаас шалтгаалаад хязгаарлагдах эсэх нь яригдах тул урьдчилан таамаглах боломжгүй.

Хэрэглэгчдийг ангилан, зургаан багц гаргасан. Нэг, эсвэл хоёр долоо хоногт нэг удаа хязгаарлана. Ингэхдээ тэнцвэртэй хуваарилж, аль болох хүндрэл, хөлдөлт үүсгэхгүй байхад анхаарна. Хязгаарлалтыг 1-2 цаг, ихдээ гурван цагаас хэтрүүлэхгүй.

Гадаа агаар нэг градусаар хүйтрэхэд төвийн эрчим хүчний системд 12 МВт-ын нэмэлт ачаалал үүсдэг.

Цахилгаан эрчим хүчний үнийг 2022 оны төгсгөлд нэг удаа нэмсэн. 2023 онд нэмэх талаар ярьж байгаа боловч инфляц буурахгүй, иргэдийн орлого тогтворжихгүй байгаа тул эдийн засгийн нөхцөл байдал дээрдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого өсвөл үнийг нэмэхээс өөр аргагүй.

Энэ бүх хүндрэлийн том шалтгаан нь үнийг чөлөөлж чадаагүйтэй холбоотой. Бид нэг кВт цахилгааныг багадаа есөн центээр нийлүүлж байж тогтвортой байдал хангагдана” гэлээ.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу