Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байж, уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болсоор байна. Олон Улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын төсвийн үзүүлэлт тооцоолсноос сайн байгаа нь түр зуурынх байж магадгүйг анхааруулсан. Улмаар он гарснаас хойш улсын гадаад худалдаа эрчимжиж, түүхий эдийн экспорт эргэн сэргэсэн нь гадаад орчны эрсдэлүүд тогтворжиход нөлөөлсөн ч төсөв болон экспортын сайн гүйцэтгэл түр зуурынх байх төлөвтэйг хэлж буй юм.

Дотоодын эдийн засагчид, шинжээчдийн үзэж буйгаар, 2023 оны II улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 6.4 хувь гарсан нь өмнөх улирлын шинжээчдийн дундаж таамаглалаас 0.9 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Шинжээчид бодит ДНБ-ий жилийн өсөлт 2023 оны III улиралд 6.0 хувь, 2024 оны II улиралд 5.6 хувь байна гэж таамаглаж байна.

Монгол Улсын Засгийн газрын зарцуулалт энэ оны IV улиралд урьдын адил огцом нэмэгдэхээр байгаа нь гадаад санхүүжилтийн эрсдэлүүдийг эргэн авчрах өндөр магадлалтай юм.

Монгол Улсын гадаад өрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө 2024-2027 онд жилд дунджаар 975 сая ам.доллар байхаар байгаа нь харьцангуй хүнд ачаалал гэж гаднын экспертүүд анхааруулсаар буй юм. Товчхондоо, Монгол Улс өрийг өрөөр санхүүжүүлдэг. Түүхий эдийн эрэлт буурах эрсдэлтэй зэрэгцээд Монгол Улсын гадаад санхүүжилтийн орчин боломжит эдийн засгийн “шокууд”-д эмзэг байхаар байгааг тэд онцолж байна.

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34.0 тэрбум ам.доллартой тэнцэв. Үүний 22.5 тэрбум ам.долларыг аж ахуйн нэгжүүдийн гадаад өр, 7.9 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, 2.0 тэрбум ам.долларыг Төв банкны өр, үлдсэн 1.6 тэрбум ам.долларыг арилжааны банкуудын өр тус тус эзэлж байна.

Улсын нийт гадаад өрийн ДНБ-д харьцуулах харьцаа үзүүлэлт 2021 он хүртэл 200 хувиас өндөр байсан бол 2022 оноос эхлэн буурч, 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 191 хувьтай тэнцэв. Мөн энэхүү үзүүлэлтэд “Оюутолгой”-н өр төлбөр орж тооцогдох бөгөөд үүнийг хасахад ДНБ-д эзлэх улсын нийт гадаад өрийн хэмжээ 117 хувьтай тэнцэж буй юм.

Нийт гадаад өрийг зээлдүүлэгч тус бүрээр харуулбал, олон зээлүүлдэгч оролцсон зээллэгийн үлдэгдэл 12.8 тэрбум ам.доллар, Нидерланд улсын 11.6 тэрбум ам.доллар, БНХАУ-ын 3.6 тэрбум ам.доллар, Япон улсын 1.2 тэрбум ам.доллар, Сингапур улсын 1.0 тэрбум ам.доллар, бусад улсын 3.8 тэрбум ам.доллар тус тус байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.3 хувиар, Засгийн газрынх гурван хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Нийт гадаад өрийн дийлэнх буюу 41.2 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг эзэлжээ.

Зарим эдийн засагчдын дүгнэж буйгаар, Монгол Улс жил бүр эдийн засагт ямар ч үр ашиггүй мөнгө төлдөг тул өрийн эрсдэлд ороход маш ойрхон байгаа аж.

Хэрвээ бид сүүлийн 10 жил төсвийн сахилга баттай байсан бол Засгийн газрын өр бага, 2017 оноос хойш хуримтлал үүсгээд явах боломжтой байсан. Тодруулбал, Засгийн газар нийт 7.6 орчим их наяд төгрөг хадгалах боломжийг салхинд хийсгэжээ. Энэ бол бидний алдагдсан боломж юм. Мөн 2020, 2021 онуудад төсвөөс гадуур зарцуулсан 2.15 их наяд төгрөгийг хадгалсан бол 9.9 их наяд төгрөгийн хадгаламжтай байх боломжтой байжээ.

Судлаачид Монгол Улсын өр хурдацтай нэмэгдэх шалтгаан өрийн хүндрэлд орж байсан Африк, Латин Америкийн орнуудтай олон талаар төстэйг хэлдэг. Тодруулбал, дээрх орнууд дундаж орлоготой улсын ангилалд багтаж байх үедээ гадаад эх үүсвэрийг ашиглан, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хурдасгах гэсэн оролдлогууд хийжээ. Улмаар 1980-аад онд эдийн засгаа тэлэх зорилгоор их хэмжээний авсан зээлийн өрийн төлбөр огцом нэмэгдэхийн хэрээр хүүний төлбөр өссөн зэрэг сөрөг үр дагавар хүчтэй нөлөөлсөн гэдэг.

Хөгжсөн орнуудын туршлагаас харахад, 30-40 жилийн хугацаатай бага хүүтэй бонд гаргаж, дэд бүтцээ барьж байгуулдаг юм билээ. Монголд л хүүтэй бондоор зам барьж, дэлхийд байгаагүй жишиг тогтоож буй. Өөрөөр хэлбэл, хөгжилд хаягласан бондын хөрөнгийг үхмэл хөрөнгө болоход зарцуулсан гээд, үр ашиггүй зарцуулалт хийсээр ирсэн нь гашуун үнэн.

Их хэмжээний өр эдийн засгийн өсөлтийг бууруулдаг бол зохистой хэмжээ нь эдийн засгийг дэмждэг.

Өдгөө эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогын орон зай хязгаарлагдаж байгаа нь гадаад өрийн менежментийг оновчтой хийж, төрөөс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан батлах зайлшгүй шаардлагатайг харуулсаар байна. Цаашид гадаад өрийг шийдвэрлэх хэрэгслүүдийн давуу болон сул талыг харьцуулах замаар өрийн удирдлагын оновчтой стратегийг боловсруулан хэрэгжүүлэх сорилт бидний өмнө тулгарч буй юм.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу