Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн /2023.12.20/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 28-ны баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн санал илэрхийлжээ. Гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн.

Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг ургасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлжээ.  

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу пүрэв гарагт эхлээд даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан. Зургаадугаар сарын 26-ны лхагва гараг гэж тооцсоны учир нь баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотголоо.

Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар намын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, хэрвээ эвсэл болж орох бол эвсэлд байгаа намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзаж саналын хуудас дээрээ бичнэ гэсэн зохицуулалтаар явна гэлээ.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгоно.” гэж тус тус заасан байдаг.

Сонгуулийн тойргийг байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн зорилт, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалтыг харгалзан, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх улсын хэмжээний хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоог аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор нэгтгэж ирүүлснийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ. 

Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжлээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу