Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “нүүрсний хулгай”-н сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.12.22) тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор  “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн талаарх мэдээллийг сонсож эхэллээ. 

Шинжээчийн танилцуулснаар, Засгийн газрын тогтоолын дагуу 2019 оны наймдугаар сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Тус компани 2020 оны зургаадугаар сарын 30-нд татан буугдсан аж. Үүнтэй холбогдуулан тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан, Хотын дарга асан Д.Сумъяабазар гэрчээр оролцож байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Арван сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэж компани байгуулж ажиллажээ. IPO гаргана гэж байсан ч бүтэлгүйтсэн юм байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

Д.Сумъяабазар: Би 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орны эдийн засгийг тэтгэх тал дээр онцгой анхаарч ажилласан. Уул уурхайн салбар нь зөвхөн нүүрсний тухай ойлголт биш. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан У.Хүрэлсүх даргаас Тавантолгойн ордыг ямар байдлаар авч явах талаарх бодлого, шийдлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг даалгавар авсан. Энэ хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй, засаглал сайтай компани болж, олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах санал Засгийн газар, УИХ-аар дэмжигдсэн. Үүнтэй уялдаад, олон улсын биржийн өндөр шалгуурыг “Эрдэнэс Тавантолгой” ХК дийлэхгүй юм байна гэж үзсэн. Ингээд 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу эрх шилжүүлээд, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 

Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтсэн юм бэ?

Д.Сумъяабазар: Улс төржилт шүү дээ. Нүүрсний дамжин борлуулалтыг дэмжсэн, хүний өөрийн нийлсэн ААН-үүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Янз бүрийн жагсаал, цуглаан хийж байсан. Өнөөдрийн нөхцөлд хүргэхгүй байх бололцоо бидэнд байсан. Энэ байдал руу л тэр нөхдүүд татаж, оруулсан. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу