Монгол Улсын гаалийн байгууллага өнөөдөр (2023.12.22) 2023 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж, ажлаа тайлагналаа. Гаалийн ерөнхий газрын бүх албан хаагч төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж байгаа гаальчид энэхүү хуралд цахимаар оролцов.

Тайлангийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, амжилттай ажилласан гаальчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ онд манай улсын төсвийн гүйцэтгэл сүүлийн 33 жилд байгаагүй өндөр дүнтэй байна. Үүнд гаалийн байгууллага, гаальчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг салбарын сайдын хувьд онцлон тэмдэглэж нийт гаальчиддаа баяр хүргэе.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цахим засаглал бодлогын хүрээнд гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг 19 гаалийн газар хорооноос нэг цэгт төвлөрүүлэн цахим бүрдүүлэлтийн төвийг байгуулсан нь үр дүнтэй хэрэгжиж байна. Цаашид Монголын гаалийн байгууллага технологид суурилсан хяналт хэрэгжүүлдэг болоход тасралтгүй анхаарч хөгжих шаардлагатай” гэсэн юм.

Гаалийн байгууллага энэ онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүргийн хүрээнд хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 268 удаагийн үйлдлээр татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлэн 1.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 17 удаагийн үйлдлээр 2630 хүн тун, 6 кг орчим мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, 102 удаагийн үйлдлээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хориглосон болон хязгаарласан барааг илрүүлэн зохих арга хэмжээ авч ажиллажээ.

Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл байгуулж хоёр удаагийн тусгай шалгалт зохион байгуулж, нийт 234 иргэнийг ажилд томилсноор үүссэн сул орон тооны 75 хувийн нөхөн хангалтыг хийжээ. Гаальчдыг сургаж чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж, улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх гаалийн ажилтныг чадавхжуулах, мэргэшүүлэх VR (виртуал риалити) технологид суурилсан сургалтын танхим шинээр нээсэн байна.

2023 онд гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр нийт 11 төсөл алга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг ГЕГ-ын дарга Отгонжаргал онцоллоо. Тухайлбал, Замын-Үүд, Боршоо боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолбор барилгууд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний барилгыг улсын комисс хүлээн авсантай холбогдуулан  шаардагдах тавилга, рентген болон бусад шаардлагатай техник хэрэгсэлийн хангалтыг хийлээ.

Ирэх он жилүүдэд ч байгууллагын чадвахыг бэхжүүлэх чиглэлээр олон ажил арга хэмжээ төлөвлөгдөж, 2024 онд Гашуун сухайт, Бичигт боомтын бүтээн байгуулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Булган, Цагааннуур, Хавирга боомтуудыг шинэчлэх ажлыг Боомтын сэргэлтийн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2023 оны Сангийн сайдын 18 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн батлаж, гаалийн улсын байцаагчын дундаж цалинг 459,000 төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж цалин 1,458,400 төгрөг болсон байна. Мөн хөдөө орон нутагт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг Улсын их хурал Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу