Нийслэлийн 309-р цэцэрлэгт соробан сампингийн сургалт явуулдаг “ТDU” нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Эл асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Би багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Салбар толгойлж байгаа хүний хувьд сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална.

“Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн, “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль, цэцэрлэгт зөрчигдөх ёсгүй.

Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш, урмаар хэдэн “муу” багш нар минь амьдардаг юм шүү” хэмээжээ.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу