УИХ-ын чуулганы Баасан гараг (2023.12.22)-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой бүтээн байгуулалтын ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үнэнийг хэлэхэд, 2020 оноос хойш Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах асуудал орхигдчихлоо. Энэ ажил яагаад зогссон талаар тухайн үед алба хашиж байсан БХБЯ, НЗДТГ-ынхнаас асуухаар “Төсөвт мөнгө суугдсан. Гэхдээ мөнгө нь тийшээ шилжсэн” гэх мэтээр дэндүү удаашралтай байгаа юм. Энэ ажил БХБЯ-нд байхад шугам, хоолой татаж, хурдацтай явж байсан. Нийслэл хариуцсанаас хойш асуудал удаашраад эхэллээ. 

Тухайлбал, 2013 онд Э.Бат-Үүл даргын үед дахин төлөвлөх, барилгажуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт төсөл хэрэгжүүлэх шаардлагатай найман хэсэг талбай болгосон. Зарим газрыг нь чөлөөлөөд, иргэдийг түр орон сууцанд оруулж, чөлөөлсөн газар дээр нь орон сууц барихаар хэд хэдэн компани шалгаруулсан.

Хотын дарга солигдсоны дараа энэ төслүүд зогсож, айлууд хохирсон. 2016-2020 оны үед хөөцөлдөн БХБЯ-ынхантай ярьж, төсөвт мөнгө суулгаж байж, 7, 11, 12-р хороодод 40 гаруй тэрбум төгрөгийн шугам хоолой татуулсан. Гэтэл үүн дээр яагаад барилга баригдахгүй байна. Энэ асуудалд нийслэл анхаарч байна уу?

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: Чингэлтэй дүүрэгт дахин төлөвлөлтийн найман хэсэг талбай бий. Үүнээс дөрвөн хэсэг талбай нь төсөл хэрэгжүүлэгчгүй байна. Өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан компаниудыг үйл ажиллагааны хувьд доголдолтой байна гэж үзээд цуцалсан. Гэвч дээрх компаниудтай шүүхийн маргаан үүсэж явсаар, энэ оны зургаадугаар сард эцэслэгдлээ. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. 2024 онд үлдсэн дөрвөн байршилд сонгон шалгаруулалт зарлана. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу