Чехийн нийслэл Праг хотын Карлын их сургуулийн Урлагийн факультетын байранд өнгөрсөн Пүрэв гарагт зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас 14 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан талаар CNN агентлаг мэдээлэв.

Тус улсын Цагдаагийн газрын дарга Мартин Вондрашек Пүрэв гарагийн орой “Эрх баригчид 24 настай зэвсэгт этгээд амиа хорлож нас барсан гэж үзэж байгаа ч энэ мэдээлэл хараахан батлагдаагүй байна. Цагдаа нар зэвсэгт этгээд Карлын их сургуулийн Урлагийн факультетын оюутан байсан гэж мэдэгдсэн ч одоогоор хүнд шархадсан байдалтай, хэн болохыг нь тогтоогдоогүй байна” гэж мэдээлжээ.

Холбогдох албаныхан халдлагын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Гэмт этгээдийн халдлага үйлдсэн газар нь жуулчдын дунд алдартай бөгөөд гол үзмэрүүдтэй ойрхон, Праг шилтгээнээс Влтава гол дагуу байрладаг байна.

Цагдаа нар “Гэмт этгээд халдлага үйлдэх үед зарим сурагчид бууны сумнаас зугтаж, ангиа дотроос нь түгжсэн байсан” гэж мэдэгджээ. Олон нийтийн сүлжээгээр тархсан нэгэн зургаас харахад хэд хэдэн хүн барилгын гадна талын тагт дээр нуугдаж байсан аж.

Тус их сургууль Пүрэв гаригт хичээллээд, хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 23-нд Зул сарын баяраа тэмдэглэн амрах байжээ.

Төгсөх ангийн оюутан, 25 настай Якоб Вейзман CNN-д “Би профессортойгоо ангид байсан бөгөөд буун дуу, хашгирах чимээ сонссон. Тиймээс хаалгаа түгжиж, профессорын хамт тавилгаар хаалгаа дарж, ширээн доогуур нуугдсан. Цагдаа нарыг ирэхэд хаалтаа авч, сургуулийн байрнаас гарсан. Энд тэндгүй цус урссан, үнэхээр их цочирдсон” гэж ярьсан байна.

Цагдаагийн дарга Вондрашек Пүрэв гаргийн шөнө мэдээлэл хийхдээ, хадлагын улмаас 14 хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн 25 хүний ​​10-ынх нь биеийн байдал хүнд байна” гэж мэдэгджээ.

RT мэдээлэхдээ “Өнгөрсөн Пүрэв гарагт Карлын их сургуулийн философийн тэнхимийн оюутан, 24 настай Дэвид К танхимд сууж байсан оюутнууд руу болон тухайн үед Ян Палахын талбайгаар их сургуулийн цонхны доогуур явж байсан хүмүүс рүү винтов буугаар гал нээсэн.

Цагдаа нарын мэдээлснээр, Дэвид К халдлага үйлдэхээр эртнээс төлөвлөж, хэргийг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон. Тэрбээр Карлын их сургуулийн философийн тэнхимийн Дэлхийн түүхийн хүрээлэнгийн оюутан байсан” гэжээ.

Чехийн төрийн тэргүүн Петр Павел Францад хийж буй айлчлалаа зогсоож, Прага руу буцжээ. Тэрбээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлээд, улс орны хэмжээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатайг мэдэгдэж, иргэддээ үүссэн нөхцөл байдлыг болон хэргийн талаарх мэдээллийг зохисгүй байдлаар ашиглахгүй байхыг уриалсан байна.

Чех улсад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг цөөн гардаг байна. Энэ удаагийн халдлага нь тус улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан хэрэг болжээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд 42 настай нэгэн эрэгтэй Острава хотын эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд зургаан хүнийг буудаж, хэргийн газраас зугтаж, улмаар амиа хорлосон хэрэг гарсан аж. Мөн 2015 онд нэгэн эрэгтэй зоогийн газарт гал нээж, найман хүнийг шархдуулаад, дараа нь өөрийгөө буудаж хөнөөсөн байна.

Карлын их сургууль нь Чех улсын дээд боловсролын гол байгууллага юм. Тус их сургуулийг 1348 онд эзэн хаан IV Карл байгуулсан бөгөөд өдгөө 50 мянга гаруй оюутан суралцдаг байна.

Карлын их сургуульд болсон аймшигт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Чехийн эрх баригчид арвандугаар сарын 23-ны Бямба гарагийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарлажээ. Түүнчлэн гашуудал зарласан өдрийн 12:00 цагт нэг минутын туршид дуугаа хурааж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх юм байна.

Эх сурвалж: CNN, RT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу