“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжиллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаарх хоёр сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд холбогдуулан 19 гэрч дуудсан.

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцсон. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцов.

Сонсголын үеэр шинжээч “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн туслах, түүний хамаарал бүхий этгээдүүдийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг танилцуулав. Б.Ганхуягийн туслахаар ажиллаж байсан Содномцэрэнгийн Энхтөр “Коёотэ инвест” нэрээр Улаанбаатар хотод оффис, орон сууц, үйлчилгээ, авто зогсоол зэрэг 42 үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу