УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.12.22)-ийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Өнгөрсөн Пүрэв гаргийн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сонгуулийн санал авах өдөр Баасан гараг байгааг дэмжихгүй учраас зөвшилцөхөөр завсарлага авсан. УИХ-ын сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах гэж байна. Иргэд төрөө сонгон байгуулах үйл хэрэгт оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс санал өгөх өдрийг Баасан гаргаас өөр ажлын аль нэг өдөрт шилжүүлэх нь зүйтэй.

Төр барих эрхээ шилжүүлэх сонгуульдаа иргэд оролцох, иргэдийн сонгуулийн ирц өндөр байх нь зүй ёсных гэж үзсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгуулах хүсэлтэй байна” гэв.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар холбогдох хуулийн заалтыг үндэслэн, завсарлагын хугацааг гурав хоногоор сунгасан юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу