-DOBU.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГ (12.18-12.22)-ИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА-


Г.Хандсүрэн: Лигт оролцож чадаагүйгээ волейболд “шүгэл үлээсэн” гэж бодож байна

Монголын волейболын анхны эмэгтэй легионер тамирчин Гантогтохын Хандсүрэн. Тэр салбарынхаа болж бүтэхгүйг шуудхан хэлчихдэг болохоор ч тэр үү энэ жилийн Үндэсний дээд лигт оролцож чадсангүй. Түүнийг оролцуулсангүй. 

Тодруулбал, Г.Хандсүрэн энэ жилийн лигт “Ховд Ижил Алтайн Барс” клубээс нэг тоглолтод оролцоод, дахин талбайд гараагүй. Шалтгаан нь, түүнийг гаднын легионер тамирчидтай адил түвшинд гадаадад тоглодог учир Дээд лигт легионер тамирчнаар оролцох шаардлага тавьсан. Ингээд тэр легиенороор оролцохоор бүртгүүлсэн боловч “Монгол хүн өөрийн улсдаа легионероор тоглох боломжгүй” хэмээн хассан юм.

Үндэсний дээд лигийг энэ жил өнжсөнтэй нь холбогдуулан олон хүн түүнээс “Волейболоос зодог тайлж байгаа юм уу” гэж асуусан гэнэ. Мэдээж тэр орхиогүй, волейболын сургалт явуулан, хажуугаар нь хувийн бэлтгэлээ хийж, гадагшаа явахаар зэхэж эхэлжээ. 

Түүнийг сургалтаа явуулж байх үед нь уулзаж, яриа өрнүүлсэн юм.

-Лигт тоглохгүй байгаа болохоор харьцангуй завтай байх гэж бодтол сургалт ороод, их завгүй яваа юм байна?

-Тийм ээ. Монголдоо ирээд сургалт явуулна гэж боддог байлаа. Жилийн өмнө ярьж байсан сургалтаа саяхан нээсэн. 

-Сургалтаа хэзээнээс орж эхлэв?

-Хоёр сар болж байна. Насанд хүрэгчид болон хүүхдийн анги нээсэн. Насанд хүрэгчдийн ангийнхан маань хоёр сарын өмнө юу ч мэддэггүй байсан бол өнөөдөр доороос авдаг, давуулалт хийдэг, холболт довтолгоо гэдгийг мэддэг болчихлоо. Залуусынхаа сурч байгааг хараад урамшаад л байна.

Хүүхдийн ангийнхаа эхний хичээлийг өнөөдөр /2023.12.17/ орлоо. Волейбол бол унаж сурах ёстой спорт. Бөмбөгийг унагахгүйн тулд доогуур нь өөрийгөө “дэвсэх” шаардлага гардаг. Тиймээс хүүхдүүддээ өнөөдөр уналтын техник зааж үзлээ. 

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу


Д.Отгонжаргал: Олимпын наадмаас медаль хүртэх л үлдлээ

Долгоржавын Отгонжаргал 2023 онд чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, “Парис 2024” олимпын наадамд оролцох эрх, Унгарын Гран При хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэрбээр спортын сэтгүүлчдээс 55 оноо хүртэж, энэ оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарлаа. 

-Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-“Бөртө чоно” шагналын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсондоо үнэхээр их баяртай байна. Маш олон мундаг тамирчинтай өрсөлдсөн. Энэхүү шагналыг хүртэнэ гэж бодоогүй ч хүн горьдоод л ирдэг юм билээ.

-Энэ жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, хошой мөнгөн медальтан болсон. Бусад тэмцээнүүдэд ч амжилттай оролцлоо. Энэ талаар ярихгүй  юу?  

-Би 2020 оноос ДАШТ-д оролцсон. 2021 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2022 онд мөнгөн медөль, энэ онд мөн мөнгөн медаль хүртэж, Парисын олимпын эрхээ авсан.

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу


Хуульч Л.Галбаатар: Ерөнхийлөгч хүний эрхийн талд зогсож, хориг тавих нь зүйтэй

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн аргаар болон шүгэл үлээгчээр дамжуулан олж авсан сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин нээгдэж байгаа юм. Тиймээс энэ талаар “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч, өмгөөлөгч Л.Галбаатараас тодрууллаа.

-Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг боллоо. Олон улсад энэ талаар ямар зохицуулалт байдаг вэ?

-Олон улсад ийм заалт байхгүй. Олон улсын холбогдох хэм хэмжээн дээр иргэдийн мэдээлэлтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах гол механизм гэж үздэг. Тийм учраас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, түгээх эрхийг хязгаарлахад чиглэсэн ямар нэгэн хууль тогтоомж батлахыг олон улсын пактад хориглосон байдаг. Энэ хүрээнд хүний эрхийн олон улсын байгууллагууд холбогдох зөвлөмжийг тухай бүрд нь засгийн газруудад өгдөг. Энэ нь тухайн албан үүргийн дагуу нууц хариуцсан хүнд л нууц задруулсан эсэхээр хариуцлага яригдах ёстой. Түүнээс албан ёсоор үүрэг хүлээгээгүй этгээд буюу сэтгүүлч, шүгэл үлээгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд эрүүгийн хариуцлага огт хүлээлгэж болохгүй. Мэдээллийг ил болгосны төлөө ямар нэгэн эрүүгийн хариуцлага ярих нь хүний эрхийн олон улсын хэмжээнд нийцэхгүй. Тэгэхээр энэ нь олон улсын гэрээ, жишигт нийцэхгүй ийм заалт батлагдсаны нэг жишээ болж байна.

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу


“Бүх төрлийн шампуниар хуйхны 70 хүртэлх хувийн цэвэрлэгээ хийж болно”

Энэ удаад бидний санааг хамгийн их зовоодог зүйлсийн нэг болох үс засалт, хуйх арчилгаа болон бусад асуудлаар “Amanda beauty salon”-ны үсчин Э.Алтанцэцэгтэй ярилцлаа. 

-Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүний үс ямар байхаас царай төрх ихээхэн шалтгаалдаг. Таны үйлчлүүлэгчдэд хамгийн их тулгардаг үсний асуудал юу байна вэ?

-Өнгөний сонголтоо сайн мэдэхгүй үсчнээсээ асуудаг. Сүүлийн үед сошиал хөгжсөн учраас тэндээс харсан өнгөө асууж орж ирж байгаа нь нэг төрлийн давуу тал болж байна. Түүн дээр нь тулгуурлаад тухайн хүний үсэнд ямар өнгө зохицох талаар ярилцахад амар болсон. Тиймээс тулгамдаж байгаа асуудал харьцангуй бага байдаг.

-Нүүрний хэлбэр, арьсны өнгөнөөс хамаарч тухайн хүнд тохирох үсний засалтыг хийх хэрэгтэй байдаг шүү дээ. Та үйлчлүүлэгчдэдээ энэ тал дээр хэрхэн зөвлөдөг вэ?

-Нүүрний хэлбэр болон үсний өнгө хамт явдаг. Тийм учраас ихэвчлэн тухайн үйлчлүүлэгчтэйгээ уулзаад, арьсны өнгийг ярилцана. Жишээлбэл, нүүрний хэлбэр дээр нь тохируулаад шаргал хэр нь богинохон тэгш тайралт байвал өргөн нүүртэй хүнд зохихгүй. Нүүрийг нь илүү өргөн харагдуулдаг учраас түүн дээр ярилцаж сонгоно гэсэн үг. Монгол, ази нүүр бөөрөнхий, ихэвчлэн хацар, шанаа томтой, хавтгай дагзтай байдаг. Тийм учраас богино тайралтуудыг харж байж зохицуулан хийхгүй бол ихэнхдээ зохидоггүй. Харин уртавтар үснүүд зохимжтой байдаг. Яг тэгшхэн урт үс дагзан хэсэг нь хавтгай болохоор шалчийж унаад, зохимж муутай байдаг учраас үснийх нь бүдүүн нарийн ширхэгээс хамаарч бас хэлбэрээ сонгодог.

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу