УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 7-ны нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталсан. Уг хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх ажлыг эхэлжээ.

Тухайлбал, Уг хуулийн зургаадугаар бүлэгт “Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа”-ны талаар тусгасан. Энэ дагуу эзэнгүй нохой, муурыг түр асрамжийн газарт аваачих санмалтыг ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 27-ноос эхлэхээр болжээ. 

Энэ талаар Хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаад талд буюу хуучин хар үнэгний аж ахуйн байрыг тойруулж, хашаалж байгаа юм. Орон сууц, нийтийн аж ахуйн газраас эзэнгүй нохой, муур түр байлган асрамжлах байрны засварын ажлыг хийж байна.

Түр байлган асрамжлах байрны засвар дуусангуут нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамжаар явж байгаа эзэнгүй нохойг барих нэгдсэн арга хэмжээг энэ сард эхлүүлнэ. Энэ үеэр барьсан нохойнуудаа түр байлган асрамжлах байранд аваачиж, эзэнтэй болгох зэрэг ажлыг зохион байгуулна.

Уг байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай. Ингэхдээ нохой, муурыг том жижиг, эр, эм гэж ангилж байлгах юм.

Нохой, муураа асарч чадахгүй болсон хүн түр байлган асрамжлах байранд өгөх бол төлбөрийн асуудал яригдах байх. Одоогоор үнэ тарифын асуудал шийдэгдээгүй байна.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Хууль хэрэгжиж эхлэхээр Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, ХХААХҮ-ийн сайд журмууд батлагдана. Батлагдсан журмаар нохой, муураа асарч чадахгүй болсон бол түр байлган асрамжлах байранд өгөхөд хэдэн төгрөг төлөх зэргийг зохицуулна.

Харин нийслэлээс эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах журмыг батална.

Эзэнгүй нохой, муурыг түр байлган асрамжлах байрны үйл ажиллагааны зардлыг нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу