Манай улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа.

Тодруулбал, Өнгөрөгч есдүгээр сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн.

Үүнтэй холбогдуулан Засгийн газраас Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх Ажлын хэсгийг гаргасан билээ. Тус Ажлын хэсэг ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүлжээ.

Мөн тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлжээ. Ингэснээр допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй.

Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорихоор боллоо.

 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу