НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг (UNRWA) нийгмийн сүлжээ X (хуучин Twitter)-д Газын зурваст 142 ажилтан нь амиа алдсан талаар мэдээлжээ.

Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах Хан Юнис хотын байшин барилгуудыг онилсон Израилийн армийн агаарын цохилтын улмаас хохирогчдын тоо 18 болж нэмэгдсэн байна. Мөн тус хотын зүүн хэсгийн Маан дүүрэг пуужингийн цохилт болон бөмбөгдөлтөд  өртсөн талаар Катарын “Аль Жазира” суваг мэдээлэв.

Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас дахь хүн ам шигүү суурьшсан бүсүүдийн нэг болох Магази хотод цохилт өгсний улмаас хэд хэдэн барилга байшин сүйрсэн байна. Тус сувгийн мэдээлснээр, сүүлийн хэдэн өдөр Израилийн арми хуарангийн зэргэлдээх бүс нутгуудад байлдааны ажиллагаагаа эрчимжүүлжээ. Энэ нь тэндэхийн оршин суугчдыг аль хэдийнэ дүрвэгсдээр дүүрсэн Газын зурвасын өмнөд хэсэг рүү нүүхэд хүргэж байгаа аж.

“Аль Жазира” телевизийн суваг өмнө нь Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээс иш татан, Магази хотод Израилийн зэвсэгт хүчин агаараас цохилт өгсний улмаас 70 орчим хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Палестины Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлснээр, нуранги дороос найман хүнийг гарган авсан бол таван хүн нас барсан байна.

Газын зурваст өнөөдрийн байдлаар 50 мянга орчим жирэмсэн эх байгаа бөгөөд өдөрт дунджаар 180 орчим хүүхэд мэндэлж буй аж. Энэ талаар НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлаг (UNRWA) олон нийтийн X (хуучнаар Твиттер) сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.

Тус агентлаг мэдэгдэлдээ “Бидний тооцоогоор Газын зурваст 50 мянга орчим жирэмсэн эмэгтэй байгаа бөгөөд өдөрт 180 гаруй хүүхэд төрж байна” гэж тэмдэглэсэн байна. Мөн “UNRWA-ийн эмч, эх баригч нар тус агентлагийн үйл ажиллагаа явуулж буй долоон эрүүл мэндийн байгууллагад (22-оос) өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд төрсний дараах үеийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг” гэж дурджээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд Палестины ХАМАС хөдөлгөөний дайчид Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрсний улмаас хилийн суурингийн оршин суугчид амь үрэгдэж, 200 гаруй эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхэд барьцаалагдсанаас хойш Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс дордоод буй юм.

Радикалууд энэхүү халдлагыг Израилийн эрх баригчдын Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг хийсэн үйлдлийн хариу гэж нэрлэжээ.

Эх сурвалж: ALJAZEERA, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу