Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбогдуулан өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадлаа. Өнгөрөгч аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны Евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн.

Энэ бол Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн чухал нотолгоо юм. Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банкыг сонгодог экзим банк болгох эрх зүйн орчныг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал.

Засгийн газар бүхэн өөрийн цаг хугацааны онцлогтой. Мөн жаргал, зовлонтой байдаг. Манай Засгийн газрын хувьд цар тахал болон дайны цаг үед авлигатай тэмцэж, гадаад бондын өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа. 

Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа. 

Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдах ёсгүй. 

Энэ өр бол Монгол Улсын хөгжлийн төслүүдийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан, улс орноо дампуурлын ирмэгт аваачиж, 12 жилийн алдагдсан том боломж байсныг санаж, дахин давтаж болохгүй. 

Засгийн газар өнгөрсөн хугацаанд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцууллаа.

Цар тахлын оргил үед манай улсын эдийн засаг -4.7 хувь болж унасан. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж гарч байна. ДНБ 36.7-63.3 их наяд болж, хоёр дахин тэллээ. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5220 ам долларт хүрч, оны эцэст төсөв болон төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарах чиг хандлагатай байна. 

Жил хагасын өмнө валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын өр төлбөрийг төлсөн ч валютын нөөц хэвээр хадгалагдаж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу