Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбогдуулан өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголбанкных 2 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.9 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын зээл 1.6 тэрбум ам доллар, ААН-үүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна. Үүнээс Засгийн газрын өрийн талаар онцолж ярья.

Засгийн газрын өр бол тухайн улсын нийт өрийн суурь нөхцөл, гол мөс зүсэгч болдог. Засгийн газрын гадаад өр хэчнээн чанартай байна, бусад өр тийм байна. Засгийн газрын зээллэг үнэтэй болбол хувийн секторуудынх мөн адил болдог.

Засгийн газрын гадаад өр дотроо хоёр хэсэг болно. 1990 оноос хойш томоохон зээлдэгч, хандивлагчдын гишүүн улс болсон. 1990-2012 он хүртэл буюу анхны бондоо гаргатал эдгээр донор байгууллага, улсуудаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. 326 төсөл, хөтөлбөрийг 1991 оноос хойш ийм замаар хэрэгжүүлсэн. Эдгээр нь нэн таатай нөхцөлтэй зээллэгүүд байдаг.

2012 онд анх “Чингис” бонд гаргаснаар “Монгол Улсын Засгийн газар” гэсэн кодтой шинэ өрийн түүх эхэлсэн. АН-ын, МАН-ын Засгийн газрын бонд гэж байдаггүй. Зөвхөн Монгол Улсын Засгийн газар гэсэн код бий. Ингээд өнгөрсөн хугацаанд 12 бонд гаргажээ.

Нөхцөл нь, 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай буюу өндөр хүүтэй, богино хугацаатай ийм зээллэгүүд. Төлбөрийн хугацаа ирмэгц хуваарь дээр нэг дор бөөн төлбөр гарч ирдэг онцлогтой. Хөгжлийн зээлээс илүүтэй бондын төлбөрүүд маань Засгийн газарт дефольт үүсгэх гол эрсдэл болж явдаг. Хамгийн улаан гэрэл асдаг хэсэг бол бондын өр төлбөр юм.

2012-2016 он хүртэл нийт таван бонд гаргаж, нийт 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн. Эдгээр өрүүдийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, мөн тухайн үеийн Засгийн газрын төсвийн алдагдлыг нөхөх зорилготойгоор шинээр үүсгэсэн гэсэн үг. 

2017 оноос хойш эхний төлөлтийн хуваариуд гарч эхэлсэн. Үүнээс улбаалж, өрийн зохицуулалт хийх зорилгоор бондууд гаргаж эхэлсэн.

Гадаадын хөрөнгө оруулагчид өдөр бүр бондын өгөөжийг харж суудаг. Үүгээр Монгол Улс гадаад зах зээл дээр хэр нэр хүндтэй, хариуцлагатай байна гэдэг нь илэрхийлэгддэг. Тиймээс бид сүүлийн гурван жилийн хугацаанд маш их хичээж ажиллалаа. 

Нэг жилийн өмнө бид маш хүнд байдалд байсан. Гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар дээр ирж буусан. Цаашдаа ч буух, дефольт болох том эрсдэлийн өмнө ирээд байсан бол өнөөдөр бид энэ эрсдэлээс бүрэн гарлаа.

Үүний үр дүнд АНУ-ын төв банкны хүү 5.5 байхад, Манай Засгийн газрын өгөөж 7.3 байна. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчид манайхыг эрсдэлгүй гэж тооцохуйц хамгийн сайн  үнэлгээндээ ирлээ.

Сүүлийн гурван жилд нийт 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төллөө. Үүний 10.7 их наяд нь үндсэн төлбөр, 2.6 их наяд нь хүүгийн төлбөр” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу