Америкийн агаарын тээврийн “Spirit Airlines” компани Флоридагийн Форт Майерс хотод буй эмээ дээрээ очих байсан зургаан настай хүүг Орландо руу андуурч нисгэжээ.

Тус компани CNN-д цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ Филадельфиа олон улсын нисэх онгоцны буудлаас Форт Майерс дахь Флоридагийн олон улсын нисэх онгоцны буудал руу нисэх ёстой байсан хүүгийн гэр бүлээс уучлалт хүсч буйгаа илэрхийлсэн байна. Улмаар “Spirit Airlines” хүүг Орландо руу нисэх онгоцонд “андуурч суулгасан”-аа хүлээн зөвшөөрчээ.

Тус агаарын тээврийн компани CNN-д өгсөн мэдээлэлдээ “Хүү цаг ямагт онгоцны багийн гишүүний асаргаа, хяналтад байсан бөгөөд бид болсон явдлыг мэдсэн даруйдаа гэр бүлийнхэнтэй нь холбогдож, шуурхай арга хэмжээ авсан” гэж дурджээ.

CNN-ийн салбар WINK-TV тухайн хүү зургаан настай ач хүү нь байсан талаар мэдэгдсэн Мария Рамостой ярилцсан байна. Тэрбээр хуваарийн дагуу газардсан онгоцонд ач хүү нь байгаагүй тул ихэд сандарсан тухайгаа ярьжээ.

Рамос WINK-TV-д хэлэхдээ, ач хүүгээ Орландод газардсан гэж бодсон аж. Тэрбээр хүүгээ авахын тулд Форт Майерс хотоос бараг 160 миль хол зам туулсан байна. Агаарын тээврийн компани хүүгийн эмээд учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлжээ. Гэхдээ Рамос хамгийн чухал нь яагаад ийм зүйл болсныг мэдэхийг хүссэн байна.

“Spirit Airlines” ямар учраас ийм алдаа гарсан талаар дурдаагүй ч “Бид бүх зочдыг аюулгүй тээвэрлэх, хариуцлагын тухай асуудлыг нухацтай авч үзэн, дотооддоо шалгалт хийж байна. Хүүгийн гэр бүлийнхнээс уучлалт хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN, 9NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу