Сурагч насны хамгийн нандин дурсамжуудад сургуулийн шинэ жил заавал багтдаг билээ. Хүлээлт догдлолоор жигүүрлээд, өвлийн хүйтнийг ажралгүй сургуульдаа яардаг хамгийн жаргалтай үе.

Уртаа цэнхэр дээлтэй өвлийн өвгөн ан амьтдаа дагуулж алхсаар орж ирэхэд багачуудын нүдэнд хайр гэрэлтдэг. Шохоорхдог түүнийгээ сэм ажиглаж, хичээнгүйлэн бичсэн захидлаа өгөх боломжийг хүлээгээд л. Багшдаа зориулж зурсан зургаа өгөхсөн, баярласан сэтгэлийг нь сонсохсон гэж хүлээгээд л. Ууттай бэлгээ цүнхлээд, дүүдээ өгнө дөө гэхдээ гүйх шахам гэртээ хариад л…

Ийм өдрүүдийн төлөө л сургуульд сурч, сурагч байгаа юм шиг санагддаг байж дээ. Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед сурагч багачууд хэдий хүссэн ч хүчээр гэртээ өнжиж байв. Гэтэл байгалийн эрсдэлтэй нөхцөл, цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт энэ сарын 18-нд шилжүүлсэн. Ингээд дахиад л нэгэн шинэ жилийн баярыг ангийнхаа найз нөхөдгүй, өвлийн өвгөн цасан охидгүй өнгөрөөх боллоо.

Энэ бол сургуулийнхаа шинэ жилээр бүжиглэх бүжгээ хичээнгүйлэн бэлдэж байсан бяцхан охины нүдэн дэх гэрэл унтрах шиг уйтгартай шийдвэр. Өвлийн өвгөнөөс хэн нь шилдэг сурагчийн бэлэг авах бол хэмээх догдлолыг үгүй хийсэн дээрэнгүй шийдвэр.

Хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн нь нэг талдаа эрүүл мэндийг нь бодсон сайн хэрэг. Мөн нөгөөтэйгүүр түгжрэл буурахад ч нөлөөлсөн. Харин сөрөг тал нь юу вэ гэхээр “дурсамжийн хулгайн хэрэг” үйлдчихэж байгаа юм. Тэд хүүхдийн хамгийн нандин мөчүүдийг бага багаар хумсалсаар байна. Хоёрхон жилийн өмнө өвчний өмнө хүчин мөхөсдөхдөө багачууд хэн нэгнийг санаж хүлээх, уулзахсан гэж яарах сэтгэл л авч хоцорсон. Харин одоо тэрхүү итгэл мөн л бага багаар унтарсаар байна.

Жавар тачигнасан хүйтэн өглөө хичээлдээ явах тэвчээр шаардсан хэр нь яаж ийгээд л болгодог байсан сайхан түүхийг хэн нэгэн танд ярьсан байх. Цахим хичээлийн давуу тал зуу дахин байсан ч танхимын сургалтын уур амьсгалыг гүйцэхгүй. Энэ нь нийгэмшлийн, хүмүүжлийн үйл явцад хортой. Үнэхээр л шилдэг сургалтын арга нь цахим юм бол анхнаасаа ерөнхий боловсролын сургууль гэлгүй, интернэтээр л хичээлүүдээ орж үзээд, гэртээ байж болох байсан биз.

Youtube хуудаст маш олон төрлийн хичээл сургалтын зааварчилгаа багтсан байдаг. Тэр бүгдийг үзээд, гэрт нь дулаан ортол байлгаж болно оо гэвэл бидний ирээдүй бодит хүн биш цахим орчинд буй биет болж ч мэднэ.

Багшийнхаа дуу хоолойг санаж, сайн найзынхаа инээдийг үгүйлсэн урт гурван сар дуусаад арай гэж хичээлдээ ордог. Гэтэл дахиад л амрааж, хүйтэрвэл болиулаад байвал “PISA шалгалтын үнэлгээгээр сурагчдын 64 хувь унших чадвараар хангавал зохих суурь түвшиндээ хүрээгүй” байгааг буруутгах аргагүй болно.

Хичээл сургалтын материал, багш боловсон хүчин, ар гэрийн орчин гээд өчнөөн асуудал өнөөгийн нийгэмд хүүхдийг хойш нь татсаар байхад дахиад л амрааж, анги танхимаас холдуулаад байгаа нь сурлагын түвшин болон нийгэмших үйл явцыг өшөө ч бууруулж мэдэх юм.

“Нийгэмшихүйн чадамж”-ийг хүүхэд суралцахуйн чиглэлүүд болон өдөр тутмын бүхий л үйл ажиллагааны явцад эзэмшинэ. 

Ямар үйлээр дэмжих вэ? 

Хүүхдийн сэтгэл санааны байдлыг ажиглаж мэдрэх, ойлгох, мөн баяр хөөртэй яриа, уйтгарласан тухай сонсож, сэтгэл санааг нь тайвшруулж, хүндэтгэж харилцана.

• Хүүхдэд өөрийнхөөрөө үйлээ төлөвлөх, төлөвлөснөө хэрэгжүүлэх, сурсан зүйл, туршлагаа давтах, сэргээн санах боломж олгоно. (Жишээ нь: Өнөөдөр юу хийхээр төлөвлөсөн бэ?) 

• Хүүхдэд өөрийгөө ойлгуулах, хийсэн үйлдлээ тайлбарлах боломж олгоно.

• Хүүхдийг ажиглаж, давуу талыг илрүүлэх, өөрийгөө таньж мэдэхтэй холбогдох үйл ажиллагаанууд зохион байгуулна. 

• Багш хүүхдүүдэд өөрийнхөө чадвар, хүч, хурдыг мэдрэх, өөртөө итгэх итгэл, мэдрэмж төрүүлэх олон төрлийн үйл ажиллагаа (өрсөлдүүлэхгүй байхад анхаарах)-г зохион байгуулна. 

•Багш өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, байдлаа үгээр илэрхийлж, дуу хоолойн өнгө, үйл хөдлөл, хандлагаараа үлгэрлэн харуулна. 

• Багш ангидаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа олон хэлбэрээр хүүхдэд сонирхолтой, өөрсдөө шийдвэр гаргах боломж олгож, гаргасан шийдвэрээ хэлэлцэх, хамтрах тухай ярилцана. (Эх сурвалж: “Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийсэн судалгаа)

Мөн хэзээ ч амьдрах ухаан, хүнийг хайрлаж, хүндлэх, ойлгох, уучлах, хүнлэг байхыг ном, материал, цахим хичээлийн даалгавар жишээгээр сурахгүй. Үүнийг харилцаж, ойлголцож, мэдэрч байж бий болгодог. Цахим хичээлийг буруу гэх гээгүй ч зөвхөн дүнгээр ирээдүйг төсөөлдөг, шалгалтаа л өгч байвал сайн сурагч гэх бүрхэг ирээдүйг бэлдмээргүй байна.

Өвлийн улирлын амралт арван хоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд өвчин зовлонгүй, олон хүнтэй холилдохгүй эцэг, эхчүүдэд санаа амар байх хэдий ч дурсамжийнхаа нэгээхэн хэсгийг удаа дараа хулгайд алдсан багачуудад нөхөгдөх орон зай үлдэж байна.

Бидний амьдарч буй саарал утаатай нийгэм маань одоохондоо хүүхэд насны инээмсэглэл, дурсамжийг нөхөж өгөх хэмжээний чадал чансаатай биш шүү дээ.

Уртаа цэнхэр дээлтэй өвлийн өвгөн алхсаар орж ирэхэд багачуудын нүдэнд хайр гэрэлтдэг. Та ч өөрийнхөө бага насыг өөрийн эрхгүй санаж байгаа биз. Дурсамжийн хулгай үйлдчихээд, түгжрэлгүй болсноо гайхаж, өвчингүй байгаагаа бахдаж байвал шийдвэр чинь нэг л буруу байгааг дахин хэлье.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу