Алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагдах үе бий. Эрх барьж буй МАН-ынханд бүх хүн хадаас шиг хаарагдах болсоор хэдэн жилийг үдэв. Тэдний үг, үйлдэл, гаргаж буй авираас эхлээд өөрсдийгөө алх гэж бодогсод өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бүх эрх мэдэл нэг намд төвлөрч, тэр нь час улаан хувьсгалчид байвал ер нь бүх асуудал шийдэгдэж байгаа нь тэр. 1930-аад онд ногоон малгайтнууд улс орныг түйвээж, олон гэр бүлийг хагацалд унагаж байсан гашуун түүх бий. Саяхан 100, 101 жилийн ойгоо улс даяар сүр дуулиантай тэмдэглэсэн улаан коммунистууд үүнийг маш сайн мэднэ.

Энэ зуунд, энэ цагт ногоон малгайтнууд ганган костьюм, зангиа, цагаан цамцтай, гартаа Iphone утас барьж, гараад том бандгар жийпэнд суудаг болсон байна. Тэдэнд хүний эрх, эрх чөлөө огтоос хамаагүй бөгөөд нуусан хулгай нь илрэх, авсан авлига нь цэгцрэх шатанд ороод ирэхээр хэнд ч хилс хэрэг тохож мэднэ. Улаан галзуу амьтад амь тавих дөхөн алх барин дайрах болсон. Тэгээд цааш нь явуулж мэднэ. Үнэндээ Ардын намынх л юм болохоор хэзээ нэгэн өдөр нүүрний багаа хуулахад улаан коммунист зан нь нэвт харагдаж байгааг сүүлийн жилүүдэд харлаа. Манай оронд хүний эрх ярьсаар хууль зөрчих иргэд эрээ цээргүй замыг туулж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ дуугарсан бол яллагдагч болж, дугтарсан бол хэрэгтэн болдог баймааргүй байна. Саяхан Монгол Улс ардчиллын индексээрээ 16 байр ухарч 77 дугаар жагссаныг харсан байх. Энэ юу хэлээд байна вэ гэхээр алх барьсан хүмүүс амин ашиг, нэр төрөө бодохын тулд бусдыг шууд цагдаж, хорьж байгаатай холбоотой. Ардчилсан нэртэй коммунист зам руу халтирч байгаатай холбоотой. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ Монгол Улс 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдсэнийг Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулахад л бид мэдэж байлаа. 

Ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс алх барьсан хүмүүст буруу байна шүү гэдгийг сануулсаар л байгаа. Эрх мэдэл албан тушаалыг хүн чанаргүй, мэдлэггүй, боловсролгүй, өсөрхүү хүнд бариулбал маш том аюул болно. Тэд гавьяа байгуулах биш гай болдог, улсаараа төр гайг нь үүрдэг жамтай юм. Алх барьсан хүмүүс өөрийнхөө нэр төрд л хайртай болохоос бусдын нэр төр, алдар хүнд, ар гэр, албан тушаал, ажил төрлийг үгүй хийхдээ ч огт харамсдаггүй нэгэн үеийг төрүүлж байна. Алх барьсан хүнд бүх хүн хадаас шиг харагдах үе бий…

Э.БОЛД

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу