Шоронд хоригдож буй, Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг дэмжигчид түүнээс хоёр долоо хоног гаруй хугацаагаар холбоо тасарсан байна. Эрж хайсны эцэст түүнийг Хойд туйлын тойргийн хойд хэсэгт байрлах хорих ангид шилжүүлсэн талаар олж мэдсэн тухайгаа өнгөрсөн Даваа гарагт мэдэгджээ.

Төлөөлөгч Кира Ярмыш өдгөө 47 настай Навальныйг Москвагаас зүүн хойд зүгт, 1900 км-ын зайд орших Ямало-Ненецкийн автономит тойргийн IK-3 хорих ангид шилжүүлсэн, өмгөөлөгч нь Даваа гарагт түүнтэй уулзсан” гэж мэдээлсэн байна.

Ярмыш Вильнюс дахь “Reuters” телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ шоронд өмнөхөөсөө хамаагүй дор байх болно. Тэд түүнийг тэвчихийн аргагүй байдалд оруулахыг хичээж байна” гэж хэлсэн байна.

Улмаар аюулгүй байдлын үүднээс түүний байршлыг задруулахаас татгалзаж, “Тэд Алексейг тусгаарлаж, түүнтэй аль болох уулзуулахгүй байхыг хичээх нь гарцаагүй” гэж мэдэгджээ.

Навальныйг Оросын хамгийн хүнд нөхцөлтэй хорих ангид шилжүүлэхээр бэлтгэж байгааг холбоотнууд нь мэдэж байсан бөгөөд өмгөөлөгч нь арванхоёрдугаар сарын 6-наас хойш түүнийг огт хараагүй байна. Түүний хувь заяа илүү ээдрээтэй болжээ.

Навальныйн “шинэ гэр” болох “Polar wolf” Оросын хамгийн хатуу, чанга дэглэмтэй шоронгийн нэгд тооцогддог байна. Тэнд хоригдогсдын дийлэнх нь онц хүнд гэмт хэрэгтэнүүд бөгөөд өвөл нь хахир хүйтэн. Ирэх долоо хоногт агаарын температур Цельсийн хасах 28 (хасах 18.4 Фаренгейт) градус хүртэл хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Хойд туйлын тойргоос хойд зүгт 60 км (40 миль)-ын зайд орших уг шоронг 1960-аад онд ЗХУ-ын албадан хөдөлмөрийн лагерийн ГУЛАГ системийн нэг хэсэг болгон байгуулсан гэж “Москва Комсомолец” сонинд бичсэн байна.

Навальныйн туслах Леонид Волков “Тэндэхийн нөхцөл байдал маш хүнд. Мөнх цэвдэгтэй. Онцгой дэглэмтэй шорон. Алслагдсан тэрхүү газарт хоригдож буй хоригдлуудтай харилцахад хэцүү” гэж хэлжээ.

Оросын сөрөг хүчний удирдагч Навальный олдсон тухай мэдээллийг АНУ сайшаан хүлээж авч, түүний төлөө “маш их санаа зовж” буйгаа илэрхийлсэн байна. Төрийн департамент Навальныйг нэн даруй суллахыг уриалж, баривчилсан нь “шударга бус”  хэрэг гэжээ.

Навальныйн өмгөөлөгч Иван Жданов “Дэмжигчид нь түүний байгаа газрын талаар мэдээлэл авахыг хүсч, 618 хүсэлт илгээсэн. Оросын эрх баригчид ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Навальныйг “далдын далд” хийхийг хүсч байна гэж үзэж байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу