Харх шиг төрийг шимэгчилж амьдардаг улстөрчид олон болсон. Үүний нэг нь НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан байсан нь УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ил болж, шуугиан тарив. Өнгөн дээрээ амгалан будда мэт төрхтэй ч хэтийдсэн ашиг сонирхол нь төрийг цөлмөх байсныг ард түмэн мэдэж авлаа.

Ж.Батбаясгалан эрх зүйч, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэгэхээр хуулийн хүрээнд хулгай хийдэг хүн болох нь. “Шувуу” болон шүүрэгдэж Монголдоо ирсэн, авлигын загалмайлсан эцэг гэгдэх Т.Бадамжунайгийн баруун гар бол яах аргагүй Ж.Батбаясгалан гэдгийг намынхан нь ярьдаг. Түүнийг 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад Ж.Батбаясгалан туслахаар нь ажиллаж байв. Ингэж л тэр улс төр, мөнгөний амтад эргэлт буцалтгүй орсон.

“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 2018-2023 оны хооронд 64 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал хэлбэрээр авсан байдаг. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү 124.4 сая төгрөгийн урамшуулал авсан нь нээлттэй сонсголоор илчлэгдсэн. “Тавантолгой түлш  ХХК нэг тэрбумын алдагдалтай ажиллаж байхад ТУЗ-ийнхөн нь өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр урамшуулсан нь олны зэвүүцлийг хүргээд амжсан. Хамгийн гол нь Улаанбаатарын утаа нь гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад өөрсдийгөө урамшуулж байсан нь асуудал юм. 

Мөнгөнд дуртай хүмүүс өөрсдийгөө урамшуулжээ гэж бодож болох ч Ж.Батбаясгалан, Л.Одхүү нарын хамтын “ажиллагаа” цааш үргэлжилж, “СБМ Хангай” ХХК-иар дамжуулж “Тавантолгой түлш” ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдов.

Ж.Батбаясгалан “шувуу” болсон Т.Бадамжунайгаас өөрийгөө салгаж, огт хамаагүй мэт харагдуулахыг хичээх болсон ч Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нар “Алтанхот” ББСБ байгуулсан нь ил болж, яалт ч үгүй хамаарал бүхий болох нь нотлогдсон.

Ингэж л төрийг мөнгөний шуудай болгож харж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёс тогтоох тэмцэл Ж.Батбаясгалан дээр очоод нурах уу, эсхүл шударга ёсны төлөө түүнийг явуулах уу гэдгийг харах үлдлээ.

Зургаахан сарын дараа УИХ-ын сонгууль болно. Сонгуульд шуудайны мөнгөөр сонгуульдах уу, шүүхийн танхимд үнэн мөнөө тогтоолгох уу гэдэг шударга ёсны тэмцлээс шалтгаалах юм.

Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны шүгэл Ж.Батбаясгалангийн чихэн дээр хэр чанга дуугарах бол. Авлигач, хулгайч нартайгаа хийх тэмцэл үргэлжлэх үү гэдэг анхаарал татна. Хэт мөнгөний ашиг сонирхолтой хүнээр 1.6 сая хүн шийдвэр гаргуулсаар байх уу. Цаашид хэдэн тэрбумын улаан шуудай идүүлэх гэж түүнийг тахисаар байх юм бэ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу