АНУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас “АНУ Ирак дахь “Катаиб Хезболла” бүлэглэл болон холбогдох бүлэглэлийн гурван объектод цохилт өглөө” гэж мэдээлжээ.

Пентагоны тэмдэглэснээр, Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүд рүү халдсан, тэр дундаа “Катаиб Хезболла” болон холбогдох бүлэглэлүүд Иракийн Курдистан дахь Эрбил хот дахь агаарын баазад халдсан халдлагын хариу болгон эдгээр цохилтыг өгсөн байна. Мэдэгдэлд дурдсанаар, Эрбил хотод болсон халдлагын үеэр Америкийн гурван цэрэг шархдаж, нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

Тус яамны мэдэгдэлд “Ерөнхийлөгч Жо Байдены зааврын дагуу өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчин Ирак дахь “Катаиб Хезболла” болон холбогдох бүлэглэлүүдийн ашигладаг гурван байгууламжид шаардлагатай бөгөөд пропорциональ цохилт өгсөн” гэж дурдсаныг Пентагон цахим хуудастаа нийтэлжээ.

Иракийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Абдулла Даваа гарагт “Иракийн Курдистаны нийслэл Эрбил хотын нисэх онгоцны буудал дахь олон улсын эвслийн цэргийн баазад дрон ашиглан халдлага үйлдэж, олон хүн шархдаж, агаарын боомтын үйл ажиллагаа тасалдсан” гэж мэдээлжээ.

Иракийн мэдээллийн “Shafaq” агентлаг Даваа гарагт олон улсын нисэх онгоцны буудлын нутаг дэвсгэрт байрладаг Иракийн Курдистаны Эрбил хот дахь олон улсын терроризмын эсрэг эвслийн хүчний агаарын баазад нисгэгчгүй онгоц халдсан тухай мэдээлсэн байна. Халдлагын хариуцлагыг Ирак дахь Исламын эсэргүүцлийн хүчний шийтийн бүлэглэлүүд хүлээжээ.

Эх сурвалж: APA, RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу