УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2023.12.26) Яармагийн Эх, нярай, эмэгтэйчүүдийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Тодруулбал, “Нийгмийн ардчилал залуучуудын сан” нийгмийн хариуцлагын хүрээнд хяналтын нэгдсэн цахим системийг тус эмнэлэгт нэвтрүүлж байна. Мөн эмнэлгийн зарим өрөө, тасалгааны бүрэн тохижилтыг хийжээ. 

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ярихдаа “Ханиад томуугийн дэгдэлт их байгаа эл өдрүүдэд эмнэлгийн хамт олон бүх чадлаараа ажиллаж байгаад баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсөв хараад суух биш, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагууд хийж хэрэгжүүлэх ёстой. Тэр ч утгаараа “Нийгмийн ардчилал залуучуудын сан”-гаас БНХАУ-ын Энх тайван хөгжлийн санд хүсэлт тавьсан. Мөн энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа явуулсан. Судалгаанд суурилсан гурван ч төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тэдгээрийн нэг болох яаралтай түргэн тусламжийн тасагт “төвлөрсөн хяналтын систем” бий болгож байна. 

Яаралтай түргэн тусламжийн тасагт байгаа 15-20 хүүхдийн амин үзүүлэлтийг хянахын тулд заавал эмч, сувилагч очиж байж шалгадаг байсан бол одоо зайнаас буюу нэгдсэн системээр шалгах боломж бүрдэж байна. Нэгдсэн хяналтын давуу тал нь шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлж буй. Тэр ч утгаараа Эх нярайн эмнэлгийн хамт олон баяртай хүлээж авлаа. Олон ээж, хүүхдүүдэд туслахад дөхөм болно гэж итгэж байна. 

Цаашдаа эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хэрэгслийг өөрсдийнх нь хүсэлт, хэрэгцээг харгалзан үзэж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Нийгмийн ардчилал залуучуудын сан”-гийн залуучууд хүлээлгэж өгсөөр байх болно. Монголын үрс маш олон болтугай” гэсэн юм. 

“Эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй зүйлсийг нийлүүлж, хамтарч ажилласаар байх болно”

“Нийгмийн ардчилал залуучуудын сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Цэлмэг “2022 оноос хойш жилийн хугацаанд гурван төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүртээмжийн өндөр ач холбогдолтой төсөл гэж харсан учраас хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн таван өрөөг тохижуулж, тоног төхөөрөмжөөр хангаж ажилласан. Аутизмтай хүүхдүүдийн цэцэрлэгийн хоёр өрөөг мөн тоног төхөөрөмжөөр хангаж тохижуулж ажилласан байна. Цаашдаа нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй зүйлсийг нийлүүлж, хамтарч ажилласаар байх болно” гэлээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу