Кени улсын Ерөнхийлөгч Уильям Руто арванхоёрдугаар сарын 12-нд “Дэлхийн өнцөг булан бүрээс Кени улсыг зорин ирэх жуулчид 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн виз мэдүүлэх шаардлагагүй” гэж мэдэгджээ.

Руто, түүний засгийн газар виз мэдүүлэхийн оронд аяллын зөвшөөрөл авах цахим платформ боловсруулсан байна. Тэрбээр нийслэл Найроби хотод болсон Их Британийн колончлолоос гарч, тусгаар тогтнолоо сэргээсний 60 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Дэлхийн өнцөг булан бүрээс Кенийг зорин ирэх хэн ч виз мэдүүлэх ачаа үүрэх шаардлагагүй болно” гэж хэлжээ.

Руто жуулчид Африк тивд визгүй зорчихыг эртнээс дэмжсээр иржээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Бүгд Найрамдах Конго улсад болсон бага хурлын үеэр “2023 оны эцэс гэхэд Африкийн орнуудын иргэд Кени улсад зочлохын тулд виз авах шаардлагагүй болно” гэж мэдэгдсэн байна.

Аялал жуулчлалын салбар  Кенийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тус улс жуулчдад Энэтхэгийн далайн эрэг дагуух далайн эргийн амралт, эх газрын зэрлэг ан амьтдыг үзэж сонирхохыг санал болгодог байна. Руто хүн төрөлхтөнд хандан “Кени улсад тавтай морил” гэж хэлжээ.

Кени улс

Бүгд Найрамдах Кени Улс (Republic of Kenya) Дорнод Африкт оршдог. Зүүн урд хэсгээр нь Энэтхэгийн далай хөвөөлдөг. Урд талаараа Танзани, баруун талаараа Уганда, хойд талаараа Өмнөд Судан, Этиоп, зүүн талаараа Сомали гэх таван улстай хиллэдэг.

Нийт 580,000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай энэ орны хүн ам 2023 оны байдлаар 51.5 сая гэж тоологджээ. 42 ястан үндэстэнтэй. Албан ёсны хэл нь англи, суахили. Их Британий колони улс байж байгаад 1963 оны арванхоёрдугаар сарын 12-нд тусгаар тогтнолоо сэргээсэн, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн гишүүн орон.

Тус улсын нийслэл Найроби 3 сая хүн амтай. Кени улс бүс нутагтаа хүн ам, эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлдэг бөгөөд хүн ам нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч буй аж. Тус улс онгон зэлүүд байгалийн нөөц газрууд, мянга мянган төрлийн ан амьтдаараа алдартай.

Эх сурвалж: CNN, WIKIPEDIA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу