Ардчилсан намын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад “Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн нэгд “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 2-т “2.Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчмыг “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” гэж заажээ.

Харамсалтай нь, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос эхлэн өнөөдрийг хүртэл тэргүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа Үндсэн хуулийн дээрх зарчмыг алдагдуулж, Монгол Улсын хууль биелүүлэх зорилгоо биелүүлж чадахгүй байгаа нь дор дурдсан баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Нэг. Ардчиллын индексээр 2021 онд дөрвөн байр ухарч 60-д, 2022 онд 61-т, 2023 онд 16 байр ухарч 77-д жагссан нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэж байна.

Хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхийн хэрээр манай оронд авлига улам цэцэглэдэг гаж үзэгдэл бий боллоо. Тухайлбал, “Транспаренси интернэйшнл” олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс авлигын индексээр 2020 онд 111 дүгээрт, 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь Засгийн газар аман дээрээ л авлигатай тэмцэж байгаа гэх боловч эсрэгээр авлигыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.

Гурав. Ерөнхий сайд хулгайтай тэмцэхийн хэрээр Монгол Улсад мянга мянган тэрбумаар хэмжигдэх хулгай гарах болов. ЖДҮ хулгай, ковидын хулгай, ногоон автобусны хулгай, нүүрсний хулгай гэх мэт зохион байгуулалттай хулгайн гэмт хэрэг гарсан бүхий л үед Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь хөдөлшгүй баримт.

Харин тэрээр эрх мэдлээ хулгайг таслан зогсоох биш, хулгайг нийгмийн анхаарал сарниулах хэрэгсэл болгон дөгөөж, энэ зуур өөрийн хүсэл шуналыг гүйцэлдүүлж авторитари, тоталитари дэглэмийн хана хэрэм өрж байна. Ганцхан жишээ хэлэхэд, сүүлийн гурван жилд Ерөнхий сайдаар ажиллаж байгаа түүний оролцоогүйгээр “нүүрсний хулгай” хийгдэх ямар ч боломжгүй юм.

Дөрөв. Гадаад айлчлалд ардчиллаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг боомилж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон арван иргэн үзэл санааны хоригдол болов. Засгийн газрын бодлого, шийдвэрийн үр дүнд амьдрал, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон иргэд ч үг хэлж, Үндсэн хуулиар дархлагдсан төрийн бүх эрхийг барилцах боломжгүй болж хувирлаа. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 2021 онд 68-д, 2022 онд 90-д, 2023 онд 88-д жагсаж, зогсолтгүй уруудлаа.

Тав. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, сайжруулсан нэртэй хорт шахмал түлшийг тасралтгүй тулган, хордуулсаар байна. Мөн шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш угаартаж нас барсан хүний тоо өмнөх онуудаас 2-3 дахин ихэссэн, 2017 оноос хойш хэрэгжиж буй Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр маш муу байна.

Нэг их наяд төгрөг зарцуулсан тус түлш тэмцээд байгаа хулгайн бас нэгэн эх сурвалж болсон төдийгүй эрчим хүчний найдвартай эх үүсвэр барих хэмжээний хөрөнгө, цаг хугацааг хийсгэж, монголчуудын боломжийг хулгайллаа.

Зургаа. Шүүх засаглал руу эрээ цээргүй дайран, засаглалын тэнцвэрийг алдагдуулахыг удаа дараа санаархаж, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг илтэд зөрчлөө. Үндсэн хууль зөрчлөө.

Долоо. Өр дарсан гэж илт худал мэдэгдэл хийв. Дөнгөж өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “12 жилийн турш үргэлжилсэн их өрийг тэглэж, өрийн дарамтаас гарлаа” гэх утгатай илт худал мэдээлэл өгөв. Бодит байдал дээр Монгол Улс өрийн дарамтаас гарах бүү хэл 2012 онд 24 тэрбум ам.доллар байсан гадаад өр 2023 онд 34 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсын иргэн бүрт 35 сая төгрөгийн өр ногдож байгааг Сангийн яам, Монголбанк, Үндэсний статистикийн газрын тоон баримтууд нотолдог.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн дээрх үйлдлүүддээ хариуцлага хүлээж, нэн даруй огцрохыг ШААРДАЖ байна. Шаардлагын хариуг 2024 оны нэгдүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ үү” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу