“Тэмцээнд оролцоод, шагнал авах үед аав минь тэнгэрээс харж байгаа гэж бодохоор маш сайхан санагдаж байсан” хэмээн ярина. Найман настай, хэвлүүхэн яриатай Г.Анужин охин ой тогтоолт, түргэн бодолтоор хичээллэдэг ажээ. Тэр өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3, 4-нд Малайз улсын нийслэл Куала-Лампур хотод зохион байгуулагдсан “UCMAS international competition 2023” түргэн бодолтын тэмцээнд орж, 31 орны 2500 гаруй хүүхэдтэй өрсөлдөн, мөнгөн цомын эзэн болжээ.

Тус тэмцээнд хүүхдүүд найман минутад 200 бодлого бодож уралддаг аж. Ийн тэмцээндээ ганзага дүүрэн оролцоод ирсэн Г.Анужин ирэх нэгдүгээр сард АНУ-ыг зорих гэж байна. Тэр нэгдүгээр сарын 14-нд АНУ-ын Калифорнид болох “UAAA United Abacus Arithmetic Association” тэмцээнд оролцохоор бэлдэж эхэлжээ.  

Г.Анужин охин ээж, ах, эгчийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг. Түүний аав долоон жилийн өмнө харамсалтайгаар хорвоог орхижээ. Улмаар ээж Б.Урангоо нь гурван хүүхдээ хүний зэрэгтэй явуулах гэж хичээж буй. “Бурхан надад мундаг охин заяасан. Охиныхоо оюуны их үйлсийг тасалдуулахгүйг хичээж, хэрэндээ л зүтгэж явна. Замын зардал л хүндхэн байна” хэмээн түүний ээж бидэнд учирлаж байв.

АНУ руу тэмцээнд явахад 15 гаруй сая төгрөг шаардагдах ажээ. Тиймээс сайхан сэтгэлт ард түмнээсээ охины оюунд хөрөнгө оруулалт хийж, тус дэм болохыг манай сайтаар дамжуулан хүссэн юм. 

Охин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р сургуулийн 3А ангид сурдаг. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

               

-Ой тогтоолтоор хэзээнээс хичээллэж эхлэв?

-Би зургаан настайгаасаа ой тогтоолтоор хичээллэж эхэлсэн. Тоо хурдан тогтоож, бодох үнэхээр гоё. 

-Гадагшаа тэмцээнд яваад ирсэн юм байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу? 

-Тийм ээ. Малайз улсад болсон цээж бодолтын тэмцээнд оролцоод ирсэн. Тэмцээндээ оролцохоор заал руу ороход хүүхдүүд маш их сандарч байсан болохоор тайвшруулахын тулд амьсгалын дасгал хийлгүүлсэн. Дараа нь найман минутад 200 бодлого бодуулсан. Тэр бодлогуудаа би бүгдийг нь цагтаа амжиж бодож чадсан. Монголд бэлтгэл хийж байхдаа би 200 бодлогыг цагтаа амжиж бодож чадахгүй байсан. Заавал чадна даа гэж бодож, олон дахин хийсээр чаддаг болчихсон. 

-Мөнгөн цомын эзэн болсон байна. Шагнал авах үед ямар санагдаж байв?

-Тэмцээнд орохын өмнө ээж маань “Аав чинь тэнгэрээс харж байгаа шүү. Миний охин мундаг шүү” гэж хэлсэн. Тэр үг нь шагнал авах үед бодогдоод, маш их баярласан. 

-Нэгдүгээр сард АНУ-д очиж, тэмцээнд орох гэж байгаа юм байна. Хэзээ явах вэ?

-Нэгдүгээр сарын 12-нд нисэж, 14-нд тэмцээндээ орно. 15-нд шагналаа авчихаад, аялж байгаад 22-нд Монголдоо ирнэ. 

-Малайзад болсон тэмцээн шиг найман минутад 200 бодлого бодох юм уу?

-Тийм ээ. Нэг аппликэйшн байдаг юм. Үржих, хуваах, нэмэх, хасах үйлдлүүдээр тодорхой хугацаанд тоо боддог. Би хуваах үйлдэлтэй тоог нь хурдан бодож сураагүй байсан. Саяхнаас бэлтгэл хийж, давтаж байгаад сурчихсан. 

-Тоо ийм мундаг бодож байгааг нь хараад хүмүүс юу гэж хэлдэг вэ?

-Ээжийн найзуудад бодож үзүүлэхээр “Ямар мундаг охин бэ” гэж намайг магтдаг. Харин манай ангийнхан “Чи яаж ингэж хурдан бодоод байгаа юм бэ” гэж асуудаг. 

-Надад заагаад өгөөч гэж гуйж байна уу?

-Тийм ээ. Тэгэхээр нь би соробан сампинд яваад, хурдан боддог болсон юм гэж хэлдэг. Найзууддаа соробан сампинд яваарай гэж зөвлөмөөр байна.

Ярилцлагын дэлгэрэнгүйг дээрээс видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу