Монгол Улс логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтээр 138 орноос 97 дугаар байранд, дэд бүтцийн үзүүлэлтээр 108 дугаарт, логистикийн үйлчилгээний үзүүлэлтээр 119 дүгээр байранд тус тус жагсаж буй. Энэ нь Монгол Улсын тээвэр, логистикийн салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж буй юм.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар, Монгол Улсын авто замын нөхцөлийг сайжруулснаар зорчиж буй тээврийн хэрэгслийн зорчих хугацааг дунджаар 0.27-0.58 цагаар богиносгож, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 17,585 тонноор бууруулах боломжтой гэж гарчээ.

Энэ хүрээнд Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн бариад буй юм.

Монгол Улс дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэржилт болон сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн хөдөлгөгч хүч байхаар тодорхойлсон. Гэвч Монгол Улсын хувьд эдгээр салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад тээвэр, логистикийн асуудал томоохон бэрхшээл болсон хэвээр байгаа билээ.

Дээрх төслийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг УИХ-ын холбогдох байнгын хороод 2022 оны арванхоёрдугаар сарын 13, 19, 27-ны хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хороодын хуралдаанаар зээлийн хэлэлцээрийн төсөлд туссан зарим ажлууд ач холбогдол бага, үр ашиггүй байгааг анхааруулан, логистикийн төв байгуулахад зарцуулах санхүүжилтийг зам засварын ажилд зарцуулах нь зүйтэй зэрэг саналууд гаргажээ.

Мөн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс шинэчлэх, засвар хийх улсын чанартай авто замын нарийвчилсан тооцоог гаргаж, бүсийн тээврийн логистикийн нэгдсэн авто замын сүлжээг байгуулахад анхаараах талаар дурдсан байна.

Төсөл санаачлагчид “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх, тээвэр, логистикийн дэд бүтцийн сүлжээг сайжруулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулах чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Зам, тээврийн хөгжлийн яам 2023-2026 онд буюу дөрвөн жилийн хугацаанд дээрх төслийг хэрэгжүүлнэ гэж тооцсон байна.

Энэхүү төсөл нийт 110 сая ам.долларын төсөвт өртөгтэй ажээ. Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ)-наас оlгох 100 сая ам.долларын зээл нь жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин (SOFR) дээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, 5 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй юм байна.

Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА)-аас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх (10 сая орчим ам.доллар) нь жилийн 2 хувийн тогтмол хүүтэй, 5 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийх нөхцөлтэй ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу