УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2023.12.27) боллоо. 

Шүүх хуралд нэр бүхий гэрчүүдийг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав. 

Шүүх хурлын дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболд хэвлэлд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ сарын 13-нд болсон хурлаар би шүүгдэгч болсон. Яллагдагч гэдэг маань солигдсон гэсэн үг.

Жилийн өмнөөс л намайг нүүрсний хулгайтай холбох гэж МАН болон хуулийн байгууллагынхан бүгд оролдлоо. Өнөөдөр болж байгаа энэ шүүх хурал бол нүүрсний хэрэгтэй огт холбоогүй. Улсын барих ёстой замыг Б.Энх-Амгалан сайдын тушаалаар хувийн компаниар  бариулсан, эрх олгосон тухай асуудлыг шүүж байгаа юм.

Би яаж яваад Б.Энх-Амгалан сайдын тушаалтай холбогдсоноо мэдэхгүй байна. Прокурор мэдэх байх. Б.Энх-Амгалан сайдыг би мэдээж мэднэ. Гэхдээ бид хоёр хоорондоо ашиг сонирхол ярих хэмжээний танил биш. Дөнгөж сая л энэ шүүх хурал дээр юу болсон тухай мэдээлэл авч байна” хэмээн ярилаа.

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Таны хамааралтай гэгддэг “Страто” компанид давуу байдал олгосон гэдэг асуудал яригддаг. Энэ талаар юу хэлэх вэ? 

-Тэр компани надтай ямар ч хамааралгүйг 2015 оны тавдугаар сард прокурорын байгууллагаас тогтоосон. “Страто”-той хамааралтай гэж гүтгэдэг нь “Хятад руу нүүрсээ гаргаж өг” гэдэг бүлэглэлийн зохиосон цуурхал. Энэ асуудлыг дахин оруулж ирж байгааг хуулийн байгууллага Хятадын нүүрсний бүлэглэлтэй хуйвалдаж байна гэж харж байна. Шүүх үнэн, зөвийг нь удахгүй ялгаад өгнө. Ямар ч байсан З.Энхболд нүүрсний хулгайтай холбоогүй. АТГ-ын М.Даваатогтох комиссарын хийсэн мэдэгдэл гүтгэлэг болж таарсан. Би бүтэн жил мөрдөн байцаалтын нууц гээд юу ч дуугараагүй шүү. 

-Нийслэлийн прокурорын газрынхан хятадуудтай нийлж таныг гүтгэлээ гэж хэлэх гээд байна уу?

-Хуулийн байгууллага, нүүрсний хулгайн талаар зарласан УИХ-ын гишүүд, төрийн байгууллагууд намайг хийгээгүй нүүрсний хэрэгт гүтгэсэн. Одоо би “замын” хэргээр шүүгдэж байна. Энэ нүүрстэй огт холбоогүй. Тэр тушаалыг Б.Энх-Амгалан сайд гаргасан. Тэр үед би Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан. Тушаал гарах үед ямар ч нөлөө үзүүлээгүй, мэдэхгүй. Нүүрсний хэрэг гэж цуурхал тарааснаас хойш л тийм тушаал гарсныг мэдсэн. 

Хэвлэл мэдээллийнхэнд хандаж анхааруулъя. Дахин намайг нүүрсний хэрэгт холбож бичвэл би нэр төрөө сэргээлгэхээр их хэмжээний мөнгө нэхэмжилнэ. Бүтэн жил намайг гүтгэж бичсэн шүү. Миний зураг хаа сайгүй байна. Намайг сонсголд дуудах байх гэж хүлээлээ. Гэтэл байдаггүй. Та бүхэн энэ шүүхийн танхимд болж буй үйл явцыг бичиж болно. Гүтгэж болохгүй.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-ын М.Даваатогтох гэж нөхөр нүүрсний хулгайтай холбоотой гэж 17 хүний нэр уншсан. Түүний долоо нь УИХ-ын гишүүн байсан. Гэтэл өнөөдөр Б.Ганхуяг бид хоёроос өөр хүний хэрэг шүүхэд шилжээгүй байна. Тэр 17 нэр дунд Б.Энх-Амгалангийн нэр байгаагүй. Тэгэхээр намайг хэрэгтэн болгохын тулд Б.Энх-Амгаланг нааж байна. Т.Аюурсайханы нэр ч байгаагүй юм билээ. Б.Ганхуягийг гэмт хэрэгтэн болгохын тулд Т.Аюурсайханыг нааж байна гэсэн үг. 

Монголын “MCS”, Хятадын “Шинхуа” хоёр Тавантолгойн ордыг үнэгүй авахаар 100 жилийн гэрээ хийсэн байсныг 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганаар зогсоосон. 

Түүнээс хойш “Страто” гэдэг компанийн талаар зохиож эхэлсэн. Жилийн өмнө нүүрсний гэх хэрэг газар авангуут бас л надад авч ирээд нааж байлаа. Гэтэл энэ хэргийг нотолж чадахгүй бүтэн жил мөрдөн байцаалт явуулж байна.

Үүнийг нүүрсийг хамгийн богино замаар урагшаа гаргаад, Баяннуурт боловсруулах гэсэн Хятадын нүүрсний бүлэглэл, УИХ-ын гишүүд, хуулийн байгууллагуудын гүтгэлэг гэж үзэж байна. 

Лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг шиг Б-Энх-Амгаланг надад наасан. 

Тавантолгойн ордыг 100 жилээр өгөх сонирхолтой бүлэглэл “амьд” байна. Ц.Элбэгдоржийн, Ч.Сайханбилэгийн, Баяннуурын баахан хужаа нар байна.

Тавантолгойн зургаан ордын хоёр нь хувьд шилжсэн байна. МАН-ын Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани Бор тээгийн ордыг хувьчилж авсан талаар нүүрсний сонсголоор яригдсан.

Эцсийн эцэст, энэ нүүрсний хулгай чинь зүүн тийшээ зам тавиад байгаа Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёрт падгүй. Тавантолгойг “MCS”, Д.Амарбаясгалан нар нэг, нэг толгойгоор нь авчхаж. Энэ мэтээр жинхэнэ хулгай тэнд явагдаж байгаа шүү” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу