Францын Эх орончдын намын тэргүүн Флориан Филиппот өнгөрсөн Даваа гарагт X (хуучнаар Твиттер) дээр “НАТО болон Европын холбоо Сербид шинэ “Евромайдан”-аар дамжуулан эрх мэдлийн өөрчлөлт хийхийг оролдож байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Улстөрч “НАТО болон түүний туслах Европын холбоо Сербид улбар шар өнгийн хувьсгал хийхийг оролдлоо. Эндээс Евромайдан үнэртэж байна” гэж жиргэсэн байна. Тэрбээр НАТО “вассал дэглэм” тогтоох зорилготойгоор Сербийг хэдэн сарын турш заналхийлсээр ирсэн. Барууны хэвлэлүүд тус улсын нөхцөл байдлын талаар “суртал ухуулгаар дүүрэн байна” гэж бичсээр байна” хэмээн тэмдэглэжээ.

Сербийн нийслэл Белград хотын төвд өнгөрсөн Мягмар гарагт олон мянган хүн цугларч, энэ сарын 17-ны өдөр болсон парламентын сонгуулийн үр дүнг цуцлахыг эрх баригчдаас шаардсан.

Тус улсын парламент болон орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Александр Вучичийн эрх баригч Сербийн дэвшилтэт нам бүх түвшинд ялалт байгуулснаа зарласан ч сөрөг хүчний эвсэл уг сонгуулийг будилаантай болсон гэж үзжээ.

Жагсаалаас гадна Сербийн сөрөг хүчний гол намын төлөөлөгч Мариника Тепич тэргүүтэй таван хүн сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардан, өлсгөлөн зарлаж, эрүүл мэнд нь муудсан ч өлсгөлөнгөө зогсоохгүйгээ мэдэгдсэн.

Сөрөг хүчин эрх баригч нам сонгуульд ялахын тулд нас барсан хүмүүсийн бүртгэлийг ашигласан, Босни Герцеговин зэрэг хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан бусад орнуудаас серби үндэстнүүдийг авчирч, санал өгүүлсэн гэж үзжээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) болон бусад олон улсын байгууллагууд энэ удаагийн сонгуулийн үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн талаар мэдээлэв. Сербийн төрийн бус байгууллагууд ч үүнийг хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын төрийн департамент сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийн мөрөөр OSCE байгууллагатай хамтран шалгахыг Сербийн эрх баригчдад уриалжээ.

Ерөнхийлөгч Вучичийн засгийн газар ОХУ-тай найрсаг харилцаатай. Тиймээс Сербид болж буй үйл явдлын талаар ОХУ-ын эрх баригчид бас байр сууриа илэрхийлсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Өрнөдийнхөн заавал “Оросоос өөр сонголт” хийхийг Сербийн талд хүчээр тулгаж байна” гэж шүүмжилжээ.

Эх сурвалж: TASS, AFP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу