Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр (2023.12.27) танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх хуулийн тухай танилцуулсан юм.

Тэрбээр “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас бэлтгэл ажлыг хангаж 11 журам батлуулахаар болсон. Үүнээс Сангийн яам 9 журмыг бэлтгэж боловсрууллаа.

Өнөөдөр үлдсэн хоёр журмыг мөн хэлэлцүүлж баталлаа. Үүний үр дүнд маш том эдийн засгийн харилцаа үүсэж, хувийн хэвшилд олон боломж нээгдэж, өргөн зах зээл бий болж байгаа юм. Ингэснээр төсвийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах тооцоололтой байна.

Мөн Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр өнгөрсөн намар төлөгдөх хуваарьтай байсан 500 сая ам.долларын “Евро” бонд, 30 тэрбум иенийСамурай” бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн.

Цаашид байгууллагын засаглалыг сайжруулж, сонгодог хөгжлийн банкны хэлбэр болох экспорт, импортын чиглэлийг санхүүжүүлдэг “Экзим” банк болгох эрх зүйн орчныг шинэчлэхээр танилцуулга хийсэн. Ойрын хугацаанд УИХ-д хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар боллоо” гэсэн юм. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу