УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр (2023.12.27) 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар танилцууллаа.

“ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТИЙГ БУУРУУЛАХ, БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙГ ӨСГӨХӨД АНХААРНА”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Төгрөгийн ханш тогтворжсон, инфляц сүүлийн хоёр сарын турш улсын хэмжээд 8 хувь байна гэх мэт сайн үзүүлэлтүүд эдийн засагт байна. Монголбанк инфляцыг 6+2 хувьд барих зорилт дэвшүүлсэн, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсний үр дүнд инфляц нэг оронтой тоонд шилжсэн. Мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт өсөж, үнэ буурсан нь ч инфляцад нөлөөллөө.

Манай улсын нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд хүрлээ. Гадаад зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа тул төлбөрийн тэнцэл эерэг гарлаа. Урсгал данс сүүлийн 16 жилд анх удаа ашигтай гарав. Хадгаламж долларжих хандлага хүчтэй байсан бол энэ онд ам.долларын хадгаламжийн дүн буурлаа.

Мөнгөний хатуу бодлогын уршгаар ААН-үүд зээл авч чадахгүй байна гэж гомдол мэдүүлдэг. Гэвч инфляц 8 хувь руу буурах хүртэл хатуу бодлого өснө. Цаашид хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах, бизнесийн зээлийг өсгөхөд анхаарна.

Хүнсний хувьсгалын хүрээнд хүнс үйлдвэрлэгчдэд 125 тэрбум төгрөгийн зээл өгнө. Малчдаас мах татан авах үйлдвэрүүд энэ зээлийг авах боломжтой.

Тээврийн салбарын өсөлт эдийн засгийн өсөлтөд багагүй хувь нэмрээ оруулдаг. Экспортын орлого оруулдаг энэ салбарыг доголдуулахгүй байхад анхаарч, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход анхаарна. Уул уурхайн салбарынхан дизель түлш хэрэглэдэг. Дизель түлшний хэрэглээ ихээхэн нэмэгдлээ. Нүүрс экспортлогчид шатахуунаар тасалдаж болохгүй” гэв.

“БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛ ОЛГОЛТ МАШ ӨНДӨР ХУВИАР
ӨСӨЖ БАЙНА”

Сэтгүүлчид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс 2024 он гармагц хэрэглээний зээлийг хязгаарлаж буйн гол шалтгаан, энэ шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар тодруулав.

Тэрбээр “Статистик үзүүлэлтээс харвал оны эхнээс зээл 15 орчим хувиар өсөж байна. Энэ нь сайн өсөлт мэт, банкны салбараас санхүүжилт сайн гараад байгаа юм шиг мөртлөө дотор нь хуваавал бизнесийн зээл 1 хувь, хэрэглээний зээл 30 хувиар өссөн байна.

Хэрэглээний зээл буюу цалин, хадгаламж, тэтгэвэр барьцаалсан зээл маш өндөр өсөлттэй байна. Монголбанк үүнийг саармагжуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

Өр, орлогын харьцаа буюу нийт орлогынх нь хэдэн хувьд зээл олгох боломжтой вэ гэдэг харьцаа байдаг. 40/60-ын харьцаа буюу таны олж байгаа орлогын 60 хувьд зээл олгох харьцааны үзүүлэлтээр явдаг. Мөн банкнаас авахаас илүүтэй банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хандлага их байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээл олголт маш өндөр хувиар өсөж байна.

Зээл гаргах мэдээж хэрэг зөв, гэхдээ тэр хэмжээгээр өр нэмэгдэнэ. Өрх өрөө нэмэгдүүлж байгаа нь эрсдэл үүсгэж байна гэсэн үг. Эрсдэлийг томруулахгүй байх төрийн бодлого байх ёстой.

Нөгөө талдаа бизнесийн зээл олдохгүй байвал бизнес томрохгүй, ажлын байр нэмэгдэхгүй гэсэн үг. Иймд бизнесийн зээлийг дэмжсэнээр ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ” гэлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу