“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 500 гаруй ажилтан цалин хөлсний доод хэмжээг нэмэх асуудлаар өчигдөр (2023.12.27) цуглаан зохион байгуулсан.

Тус газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Жавзандулам ажилчдын тавьж буй шаардлагыг уншиж танилцуулаад, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагад хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал, тус газартай байгуулсан 2022-2024 оны хамтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлжээ.   

Нэмэлт хэлэлцээрийн гол асуудал болох үндсэн цалин хөлсийг 150.0-200.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж цалинг 2 саяд хүргэх асуудлаар тохиролцоонд хүрээгүй бөгөөд хэлэлцээр арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсонги байдалд хүрчээ. Улмаар тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ үеэр ажилчин, албан хаагчдын байр суурийг тодруулснаа хүргэж байна.

“НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛД ХҮНДРЭЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ”

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.ЖАВЗАНДУЛАМ:

-Ажилтнуудаас дэвшүүлж буй цалин хөлсийг бодитойгоор нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлээгүй тохиолдолд нийслэлийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг хариуцдаг, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага болох “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ ажиллах хүчний хомсдолд орж, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд хүндрэл үүсэж болзошгүйг үүгээр урьдчилан анхааруулж байна” гэлээ. 

“ЦАЛИН ХАНГАЛТГҮЙН УЛМААС АЖИЛЧДАА АЛДАЖ, НЭГ ХҮНД ИРЭХ АЧААЛАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА”

Цахилгаанчин н.ГАНБОЛД:

-Би энэ салбарт 30 жил ажиллаж байна. Цалин мөнгөний асуудал маш хзндрэлтэй болж байна. Гар дээрээ авч байгаа мөнгө тэтгэврийн хөгшнийхөөс ч муу байна. Бидний цалингийн доод хэмжээ 650 мянган төгрөг. Амьдрах орчин, амьжиргааны түвшин улам буураад байна.

Мөн мэргэжилтэй боловсон хүчнээ алдаад дуусахад ойрхон байна. Улаанбаатар хотын 60-70 хувийн ус, дулааныг хариуцдаг газар. Энэ том газар өнөөдөр цалин хангалтгүйн улмаас ажилчдаа улам алдаж, нэг хүнд ирэх ачаалал нэмэгдэж байгаа юм. Би цахилгааны инженер. Миний удирдлагад долоон хүн байх ёстой боловч одоо гурван хүн л байна.

Залуучууд мэргэжлийг нь эзэмшсэн хэр нь өөр салбарт их ажиллаж байна. Удирдах албаны зүгээс нэг, хоёр удаа цалин нэмсэн, одоо 10-20 мянган төгрөгөөр нэмнэ гэсэн. Ганц уут боорцогны л мөнгө шүү дээ”

“ДАРААГИЙН ЦАЛИН ХҮРТЭЛ ҮНЭХЭЭР ХҮНДРЭЛТЭЙ Л АМЬ ЗУУЖ БАЙНА

Ажилтан н.ЭНХДЭЛГЭР: 

-Одоо 800 гаруй мянган төгрөгийн л цалинтай байна. Цалингаа хоёр хувааж авна, дараа нь банкны зээл өр ширээ дарахаар дараагийн цалин хүртэл үнэхээр хүндрэлтэй л амь зууж байна. Яаж ийгээд болгоод байгаа болохоос биш сэтгэл ханамжтай ажиллаж, амьдарч чадахгүй байна.

Залуу хүний хувьд мэргэжилдээ дуртай ч энэ чигээрээ байвал цалин, тэтгэвэр гайгүй салбарт л орж ажиллана. Ирээдүйгээ бодох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ салбар орхигдоод л үлдэнэ. Одоо ч ер нь орхигдсон салбар шиг л байна. Аль болох шинэ залуу боловсон хүчнээ дэмжээд, урамшуулаад, хамтарч ажилладаг бол хэн хаяж яваад байх вэ. Үнэхээр цалин мөнгө амьдралд хүрэлцээтэй байвал ажлын бүтээмж ч өндөр байна. Ар гэртээ санаа зовохгүй болвол ажлаа сайн л хийж таарна шүү дээ.

“ЗАЛУУЧУУД АЖИЛЛАХ ИТГЭЛГҮЙ БОЛЖ БАЙНА”

Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.БАТСАЙХАН:

-Ээлжийн ус, дулаан түгээх станцын машинистын үндсэн цалин 650 мянган төгрөг. Цалин буулаа гэхэд 80 хувь нь банкны зээлэнд явна. Үлдсэн хорин хувиар амьдарна гэдэг хэцүү байна шүү дээ.Залуу хүмүүс тэр тусмаа ажиллах итгэлгүй болж байна.

Цалин нэмэх асуудал яригдсан ч 10-20 мянган төгрөг гэж сураг сонссон. Энэ байдлыг даамжруулж, удаашруулж болохгүй ээ. Яаралтай арга хэмжээ авч, дараа дараагийн шатанд шилжихгүй бол ажиллах хүчингүй болно. Ажиллах хүчингүй болохоор нийслэл хотын орон сууц аж ахуйн нэгжүүдийг хариуцаж ажиллах мэргэжлийн ажилтангүй болно гэсэн үг.

“ЦАЛИН НЭМЭХ ТУХАЙ САНАЛЫГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ”

Ерөнхий инженер Ж.ПҮРЭВЖАМЦ: “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОСӨНААТҮГ-ын дарга одоогоор ар гэрийн гачигдалтай байгаа тул ирж чадаагүй байна. Иймээс би нийт ажилчдаас тавьж буй шаардлагыг хүлээн авч байна. Цалин хөлс нэмэгдүүлэх асуудал мэдээж хүнд байна. Засгийн газраас барьж буй тарифаас бүрэн хамааралтай асуудал. Хатуу чанга барьж байна.

Манай байгууллага дур мэдэн шийдэх хэрэг биш бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурингийн усан хангамж, ариутгал, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран хэлэлцэж шийднэ. Шаардлагыг хүлээж авсан учир Үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтраад, цалин нэмэх саналыг цааш нь холбогдох байгууллагад хүргүүлэх болно” гэсэн юм.

“Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОСӨНААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлагын хариуг нэн яаралтай өгч, цалин урамшууллын хэмжээг нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхийг шаардсан. Хэрэв энэ удаад өмнөх хэлэлцээр шиг мартагдаад өнгөрвөл тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу