Монголын нийгэмд дутагдаж, гачигдахын гашуун бүхэн бий. Тэр дундаа ус, агаар мэт үгүйлэгдэх болсон зүйлс нь шударга ёс. Сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулахаас эхлээд шударга бусын өмнө бид нүүр тулсаар ирэв. Танил тал, ар өврийн хаалга, өглөг барьцаас эхлээд үр хүүхдүүдээ бид авлигын сүлжээнд сургаж байна. Байхгүй, олдохгүй, хомсдсон гэх үг бүрийн ард байх ёстой бүгдийг чагталсан хулгай л бий.

Замбараагүй газар олголт, бүлэглэн “дээрэмдсэн” ЖДҮХС-гийн хөрөнгө, Боловсролын зээлийн сангийн мөнгө, хэдэн тэрбумаар нь зарцуулсан ч огт буураагүй утаа, түгжрэлийг бууруулахаар төсөвлөсөн ч салхинд хийсгэсэн төсвийн мөнгөнөөс эхлээд нийтийн тээврийн ногоон автобусны цавчаа бүхний ард эрх мэдэл, албан тушаалын хэрэг, гэмт үйлдэл бий.

Шударга ёсыг тогтоохоо зарласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг бүхэн хулгайн өмнө тулж очих болов. Бүтэн жил дуншсан нүүрсний хулгайн хэрэг хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголоор орж, ороо нь ороогоороо жороо нь жороогоо, ус тосоороо ялгарч эхэллээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар олгосон 40 гаруй га газрын асуудал мөнгөтэй холбогдож байна. Нэг га газар нь нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх болсон нь “Газар бол улсын үндэс” гэх үг мөнгөний өмнө хэрхэн сөхөрснийг харж болно.

Таван сая гаруй тонн нүүрс ямар нэгэн бүрдүүлэлтгүй хилээр гарсан болохыг шинжээч нар танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нээлттэй сонсголд Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарч ажиллаж буй талаар хэлж байсан.

Тиймээс тэрбумаар үнэлэгдэх болсон Ханбогдын газар, гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан таван сая тонн нүүрс, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ар өврөөр дамжин нүүрсэнд нэвт сүлбэлдсэн нүүрсний бүлэглэл, Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр улсын нууцад авч байгаад мөнгө угаасан гэгдэх “Бодь интернэшнл”, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулгаас эхлээд нүүрсэнд нүд унагаагүй хүн тун цөөж аж.

Тавантолгойн бүлэг ордын нэг том орд болох “Админерал” ХХК-иар дамжуулсан Бор тээгийн ордод эзэн суусан МТАС түншлэл гээд хуулийн байгууллага шалгах зүйлс маш их байна.

УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр хэвлэлд тодруулга өгөхдөө “Бор тээгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан авсан байна лээ” хэмээн мэдэгдээд амжив. Ийм л нэг ээдрээтэй гэмээр юм уу, их том хулгайнуудын үзүүрээс хуулийнхан энэ оны төгсгөл дээрээс атгаж амжлаа.

Хулгай бүрийг шалгахаар л олсны үзүүр МАН руу чиглэж байгаа учраас маш түвэгтэй байгаа гэх юм билээ. МАН-ын нөлөө бүхий зарим улстөрчид нүүрсэнд холбогдсондоо шаралхаж, намаа хөмөрч мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа аж. Тиймээс намаараа дэнчин тавьж байгаад ч хамаагүй шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх үү гэдэг Л.Оюун-Эрдэнийн сонголт.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нүүрсний хулгайн асуудал дээр ерөнхий нэг чиг барьж байгаа гэх юм билээ. Үүнээс үзэхэд шударга ёсны гэрэл нүүрсний хонгилд бүдгэрчихгүй байх гэдэг хүлээлт байна.

Өнөөдрийн энэ нөхцөлд Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэл, нүүрсний бүлэглэлүүдийн хулгай яагаад ч нэг шуудайд багтах ямар ч боломжгүй болсон гэж харагдаж байгаа юм. Гэхдээ Б.Энхбаяр сайдын хэлсэнчлэн, нүүрсний бүлэглэлийнхэн мөнгөтэй, хүчтэй, бүх зүйлийг зогсоох гэж хүч хаяж байгааг мартаж болохгүй.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу