УИХ-ын чуулганы 2023 оны “отгон” нэгдсэн хуралдаан өнөөдөр /2023.12.28/ боллоо. Хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дөлгөөн хувийн шалтгаанаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тухай хэллээ. Эл өргөдлийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдөр хэлэлцэж, олонх нь дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав.

Улмаар “Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар нууц саналт хураалт явууллаа. УИХ-ын гишүүдийн 56.8 хувийн саналаар Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Мөн улсын Ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. Түүний өргөдлийг арванхоёрдугаар сарын сарын 20-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн талаар байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа. Хуралдаанд оролцсон 45 гишүүнээс 33 нь дэмжиж, 73.3 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Энэ үеэр Ерөнхий аудитор Д.Занданбат “2019 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий аудитароор томилогдсон. Дөрвөн жил гаруй хугацаанд энэ ажлыг хийлээ. Аудиторын ажил маш хариуцлагатай ажил. Хяналтын тогтолцооны дээд байгууллага гэж олон улсад ойлгогддог.

Би аудиторын ажлыг сайжруулах, хяналтын ажлын хараат бус, бие даасан байдлыг хангахын төлөө зорьж ажиллаж байсан. Энэ хугацаанд УИХ дэмжлэг үзүүлж, Үндсэн хуулийн байгууллага болгож, Үндсэн хуульд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хууль, эрхзүйн орчныг бий болгож өгснөөр түүхэн үйл явдал боллоо.

Үүнтэй нийцүүлэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Ингэж хараат бус байдлаа бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн явдалд УИХ-ын эрхэм гишүүдэд талархаж явдаг” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу