ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Дэлхий дахинд үүсээд буй үймээн самууны шалтгаан нь барууныхны үйл ажиллагаа” гэж ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр “Дэлхий даяар “шуурга” үргэлжилсээр байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь барууны эрх баригч хүрээнийхэн өөр үндэстний зардлаар, өөрсдийн асуудлаа шийдэхийн тулд, хилээсээ олон мянган бээрийн зайд хямрал өдөөж байгаа явдал юм” гэж хэлсэн байна.

“2024 онд дэлхийн бүс нутгуудад хурцадмал байдал үргэлжилсээр байвал ямар эрсдэл дагуулах байх вэ” гэсэн асуултад Лавров “Барууны давамгайлалд автсан нөхцөлд түүний геополитикийн заль мэхээс хэн ч аюулгүй байж, өөрийгөө хамгаалж чадахгүйг бид хэлж чадна. Дэлхий даяар энэ тухай ойлголт улам бүр гүнзгийрч байна” гэж хариулжээ.

Оросын ГХЯ-ны тэргүүн “Оросын олон улсын түншүүд энэ байдлыг мэдэж байгаа бөгөөд барууныхан эрт орой хэзээ нэгэн цагт олон туйлт ертөнцийн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Дараа нь ашиг сонирхлын тэнцвэрт байдлын хувьд бүх асуудлыг үндэс сууриар нь шийдвэрлэнэ” гэж үзэж буй Москватай санал нэг байна гэж онцлон тэмдэглээд, “Гэсэн хэдий ч энэ мөч хүртэл хямрал үргэлжилнэ” гэж  таамаглаж буйгаа хуваалцсан байна.

Сергей Лавров барууны түрэмгийллийн жишээ болгон, НАТО-гийн хүчнийхэн Югославыг бөмбөгдөж, Ирак руу “Тэнд үй олноор нь хүйс тэмтрэх зэвсэг байна гэсэн хилс халдлагаар” халдан довтолсон, Ливийн төрт улс нуран унасан, Сирид хөндлөнгөөс оролцсон зэргийг нэрлэжээ.

Тэрбээр “Энэ удаад НАТО-г өргөжүүлэх замаар, Европын зүүн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн дэгдээж, Украиныг Оросын эсрэг трамплин болгон хувиргасан. Хамгийн сүүлийнх нь Палестин-Израилийн мөргөлдөөний бүсэд байдал хурцадсан явдал юм. Зөрчилдөөний зангилаа бусад бүс нутагт ч бий” гэж үргэлжлүүлэн хэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу