Идэвхгүй орлого нь орлогын үндсэн эх үүсвэрээ арвижуулах, хамгийн бага хүчин чармайлт шаарддаг “нэмэлт” мөнгө юм. Стив Боллмерын хувьд ирэх онд идэвхгүй орлого нь 1 тэрбум ам.доллар байх ажээ.

Дэлхийн хамгийн баян зургаа дахь хүн болох Боллмер 2024 онд “Майкрософт”-оос ийм хэмжээний ногдол ашиг цуглуулах юм байна. Энэ нь технологийн аварга компани улирал бүр хувьцааны ногдол ашгийнхаа хэмжээг 75 цент буюу жилд 3 ам.доллар болгон нэмэгдүүлэхээр болсонтой холбоотой аж.

“Майкрософт” компанийн гүйцэтгэх захирал асан Боллмер 2014 оны байдлаар тус компанийн 333.2 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байжээ. 2024 оны санхүүгийн жилд тэрбээр 4 хувьтай тэнцэх хэмжээний ногдол ашиг болгон 1 тэрбум ам.доллар авах нь.

Жилд 500 мянган ам.доллар ба түүнээс дээш орлого олдог хувь хүмүүст ногдол ашгийн 20 хувийн татвар ногдуулдаг. Энэ дагуу тэрбээр “Microsoft”-ын ногдол ашгаасаа 200 сая ам.долларын татвар төлөх ажээ.

Сонирхуулахад, “Microsoft” байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1980 онд Боллмер Стэндфордын бизнесийн сургуулиа хаян, тус компанид орж, “Бизнесийн менежер” гэх албан тушаалд очжээ. Тэр “Microsoft” хэт хурдтай, замбараагүй өсөж байсан үед тус компанид ажилд орсон байна.

Хэрэглэгчдийн нэрс, төлбөрийн нэхэмжлэл хаа сайгүй хөлбөрч, яаралтай тусламж хэрэгтэй байсан учраас “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Паул Аллен нар Боллмерт жилийн 50 мянган ам.долларын үндсэн цалингаас гадна бий болгосон ашгийн өсөлтийн 10 хувийг мөн өгөхөөр болжээ.

“Microsoft” цэцэглэн хөгжихийн хэрээр Боллмерт ногдох ашгийн хэмжээ өсч, хяналтаас гарч эхэлсэн байна. Компанийн 64 хувийг Гейтс, 36 хувийг Аллен эзэмшиж байсан энэ үед “Microsoft”-ийн анхны венч хөрөнгө оруулагч Дэйв Маркуардт хувийн түншлэлийн байдалтай цааш ажиллах нь утгагүй хэмээн гомдоллох болжээ.

Тэрбээр “Microsoft”-ийг илүү олон хувьцаа эзэмшигчтэй корпорацийн хэмжээнд дахин зохион байгуулахыг хүсч байсан аж. Энэхүү өөрчлөлтийг гардан хийх ажлыг Гейтс сонирхоогүй учраас Боллмер, Маркуадт нар хариуцсан байна.

Боллмер, Маркуадт нар “Microsoft”-ийн үүсгэн байгуулагчдад шинэ бүтэц, зохион байгуулалтын саналыг танилцуулжээ. Үүний үр дүнд тэд компанийн 84 хувийг эзэмшихээр, харин Боллмер 10 хувийн ашгаа цуцалсныхаа хариуд найман хувь хүртэхээр, бусад бүх ажилтан үлдсэн найман хувийг хуваах ёстой байжээ.

Билл Гейтсэд уг санал таалагдсан бол Паул Аллен эсэргүүцсэн аж. Энэ талаар Боллмер “Паул надад таваас илүү хувь өгөхийг хүсээгүй. Харин Гейтс асуудлыг шийдэхийн тулд өөрт ногдох хувиасаа надад өгсөн” хэмээн “Forbes”-т өмнө нь ярьж байсан аж.

1986 онд “Microsoft” хувьцаагаа нийтэд санал болгох үед Гейтс, Аллен нар Боллмероос хавьгүй илүү хувийг эзэмшсээр байсан ч дараагийн жилүүдэд нь хувьцааныхаа ихэнхийг заржээ.

Боллмерын хувьд хувьцаагаа огт арилжаагүй байна. Тэрбээр “Би энэрэнгүй үйлсэд ихээхэн хэмжээний хөрөнгөө зориулталаа, эсвэл нас бартлаа “Microsoft”-ийн хувьцааг эзэмшсэн хэвээр байхыг хүсч байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу