Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр өнөөдөр (2023.12.29) тохиож байна. Энэхүү өдрийн үнэ цэнгийн тухай түүхийн хуудсыг өчүүхэн сөхөж өгүүлэх нь.

Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн 1634 онд нас барж, 1636 оноос Өмнөд Монгол, 1691 онд Халх Монгол, улмаар 1757 онд Манжийн эсрэг тэмцсэн Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нарын бослого дарагдаж монголчууд нийтээрээ Манжийн эрхшээлд оров. Ингэснээр Монголчууд өөрийн гэсэн албан ёсны төр засаггүй болж, дотоод, гадаад гэж хуваагдан, гадаад буюу Ар Монголын хэргийг Манж Чин улсын Бээжин дэх Гадаад Монголын төрийг засах явдлын яам хариуцах болсон. Улмаар монголчууд нэгдсэн төр улсгүй болж, бусдын эрхшээл дор амьдрах 200 гаруй жилийн түүх ийнхүү эхэлжээ.Монголын түүхийн тайлбар толь

Манжууд монголын хүн ам, газар нутгийг эрхэндээ оруулж байгалийн баялгийг цөлмөх, хүн амыг хятадчилж ураг удмыг устгах бодлого явуулж эхэлсэн тул нийт монголчууд энэ бодлогыг эсэргүүцэж, Манжийн төрөөс тусгаарлах арга зам хайж эхлэв. Тухайлбал, Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт 1895, 1900 онд Хаант Орост хандаж Манжаас тусгаарлахыг дэмжихийг  хүссэн захидал, элчийг явуулж байсан бол 1900-гаад оны эхээр Өвөрмонголд Тогтох тайжийн тэргүүлсэн бослого гарч, 1900 онд Улиастайн 2000 монгол цэргийн бослого, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарчээ.

1909-1910 оноос Ар Монголын ноёд шинэ засгийн бодлогыг эсэргүүцэн албан ёсоор нэгдэж, Богд Жавзандамба хутагттай энэ талаар хэлэлцэн Манж Чин гүрний засаг захиргаа хэзээ мөдгүй унаж мөхөх нь тодорхой болсон тул энэ завшааныг ашиглан тусгаар тогнолоо зарлаж, төр улсаа байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Энэ хүсэл зорилгоо 1911 оны зун болсон Богдод даншиг өргөх наадмаар улам бататгаж, халхын ноёд найр наадам үүсгэх зорилгоор удаа дараа сэм уулзан Богд Жавзандамба хутагт, Халхын дөрвөн аймгийн хангуудын гарын үсэг бүхий тусгаар тогтнолын хэрэгт тусламж үзүүлэх тухай  захидлыг дахин Хаант Орос улсад илгээхээр тогтжээ. Ийнхүү хойд хөршийн тусламж дэмжлэг, монгол эрсийн чин зоригоор тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан байдаг. 

 

1911 оны арван хоёрдугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулжээ.

Энэ өдөр Монголчууд тусгаар улс болж, язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаад VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулан сайд нарыг тохоон томилсон юм.

Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, түмэн наст Богд хаан. Тухайн үед шинээр байгуулагдсан Монгол Улс Халхаас гадна Ховдын хязгаар, Ил Тарвагатай, Хөх нуур, Ордос, Альшаа, Харчин, Барга, Солоон,, Буриад зэрэг нийт монголчуудыг нэгтгэх зорилготой тул эдгээр бүх газар нэр сүрийг олсон хүн хаан байх нь зохимжтой хэмээн түүнийг залжээ.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааныг хаан ширээнд залж, Олноо Өргөгдсөн Монгол Улсыг байгуулсны зэрэгцээ анхны таван яамыг байгуулсан юм. Үүнд:

-Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Да лам Г.Цэрэнчимэд

-Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам. Сайд Чин ван М.Ханддорж

-Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Түшээт ван Г.Чагдаржав

-Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Далай ван Г.Гомбосүрэн

-Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам. Сайд Эрдэнэ ван М.Намсрай ажиллаж байв.

Эдгээр яам нь өдгөөгийн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүхийн үүсэл юм. 1912 оны зун Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилжээ.

Эх сурвалж: Монголын түүхийн тайлбар толь

Ийнхүү Монголчууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, 220 жил Манж Чин гүрний эрхшээлд байсныгаа эцэслэж, тусгаар тогтнолоо зарласан буюу албан ёсны нэршлээр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой энэ жил тохиож байна. 

УИХ 2007 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэлт өдөр болгож, мөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд анх удаа албан ёсоор тэмдэглэж байв. Улмаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29. хэмээсэн заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмж, энэхүү өдрийг нийтээр тэмдэглэх үндэсний баярын өдөр болгосон юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу