Чехийн цагдаагийн газраас “Прага хотын их сургуульд 14 хүний ​​амийг хөнөөсөн этгээд амиа хорлохоосоо өмнө бичсэн тэмдэглэлдээ өмнө нь аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тухайгаа бичсэн байсан” гэж мэдэгджээ.

Дэвид Козакийн гэрээс олдсон тэмдэглэлд тэрбээр Карлын их сургуульд халдлага үйлдэхээс зургаа хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 15-нд хотын ойролцоох ойд нэгэн эрэгтэйг охиных нь хамт буудан хөнөөснөө хүлээж буйгаа бичсэн байна.

Дэвид Козак

Цагдаа нар түүнийг хүн амины хэрэгт холбоотой 4000 сэжигтний жагсаалтад оруулсан байжээ. Гэмт этгээд мөн өөрийн эцгийг хөнөөснөөр нийт хохирогчийн тоо 17-д хүрсэн байна.

Карлын их сургуульд арванхоёрдугаар сарын 21-нд гарсан халдлага нь Чехийн түүхэн дэх хамгийн аймшигт аллага болжээ. Тус их сургуулийн түүхийн ангийн оюутан, 24 настай Козак цагдаад бүслэгдсэнийхээ дараа амиа хорлосон байна.

“Denik N” сонинд анх мэдээлснээр, цагдаа нар уг тэмдэглэлийг халдлага болсон өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-нд Козакийн гэрээс олж илрүүлжээ.

Тэрээр долоо хоногийн өмнө нийслэлийн зүүн захад орших Клановице ойд хоёр хүн буудан хөнөөсөн хэргээ хүлээсэн байна. Чехийн хэвлэлүүд “Амиа алдсан хүмүүс 32 настай эрэгтэй, хоёр сартай охин байсан” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу