Цагаан ордон Украинд 250 сая ам.доллар буюу 195 сая фунт стерлингийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.

АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хамгийн сүүлийн багцад агаарын довтолгооноос хамгаалах, их буу, жижиг зэвсгийн сум, танк эсэргүүцэх зэвсэг багтсан байна. Энэ нь Конгрессоос зөвшөөрөл аваагүй, хамгийн сүүлийн санхүүжилт болж байгаа бөгөөд яриа хэлэлцээр зогсонги байдалд оржээ.

Украин “Баруунаас цаашид тусламж үзүүлэхгүй бол дайны хүчин чармайлт талаар болж, улсын санхүү эрсдэлд орно” гэж анхааруулсан байна.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч CBS телевизэд “2023 оны эцсийнх болж буй тусламжийн багцад агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, хуягт танк эсэргүүцэгч, “M142 HIMARS” пуужингийн системд зориулсан сум, жижиг зэвсгийн 15 сая гаруй сум багтаж байна” гэж мэдээлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Оросын түрэмгийллээс улс орон, эрх чөлөөгөө хамгаалж буй Украины түншүүдэд бидний тусламж маш чухал байсаар ирсэн” гэж мэдэгдээд, Украинд цаашид үзүүлэх тусламжийг “түргэн шуурхай” батлахыг Конгресст уриалжээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч “АНУ Украинд нутаг дэвсгэр, ард түмнээ хамгаалахад нь зориулан нэмэлт зэвсэг, техник хэрэгслийн тусламж үзүүлэхээ зарласнаар Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг хамгаалах тууштай үүрэг амлалтаа нотлон харуулсаар байна” гэж хэлсэн аж.

Германд төвтэй Kiel хүрээлэнгээс “Украинд олгох санхүүжилт эрс багассантай холбоотойгоор холбоотнуудын тус улсад үзүүлж буй тусламжийн хэмжээ өдгөө дайн эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрлээ” гэж мэдээлсэн байна.

Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд энэ сарын эхээр АНУ-ын хилийн аюулгүй байдлын асуудлаар Ардчилсан намынхантай санал зөрөлдөж, улмаар Украинд нэмэлт санхүүжилт олгоход хориг тавьсан билээ. Унгар улс арванхоёрдугаар сарын 14-нд Европын Холбооноос Украинд үзүүлэх 55 тэрбум орчим ам.долларын тусламжид хориг тавьжээ.

Эх сурвалж: BBC, CBS NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу