Dobu.mn сайт улиран одож буй 2023 онд эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудаас нэрлэж байна.

ОЮУТОЛГОЙ ҮҮЦЭЭ ЗАДЛАВ

Эдийн засгийн салбарт 2023 онд гэрэл асаасан хамгийн том үйл явдал бол Оюутолгойн гүнийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн явдал байлаа. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг Аж үйлдвэрийн сэргэлт”-ийн хүрээнд Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн.

Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани 2022 оны нэдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу Толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж, олборлолтоо эхлүүлсэн билээ.

Оюу Толгой ийн зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэв. Дэлхийн зэсийн томоохон тоглогч болох нөхцөлийг бүрдүүлсэн гүний уурхай үйлдвэрлэлээ эхлүүлснээр “Оюу толгой” компани 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх тооцооллыг танилцуулсан. Энэ нь уул уурхайн салбарт гуравдагч хөршөөс Монгол Улсад хийгдсэн үлгэр жишээ бөгөөд хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл юм.

Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2023 оны 3-р улиралд 0.46 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг билээ.

ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ӨНДӨР ТӨСӨВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны улсын төсвийг 27 их наяд буюу түүхэнд байгаагүй өндрөөр эцэслэн батлав. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8, зарлага 27.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэж байна.

Төсвийн холбогдох хуулиудыг хэлэлцэх явцдаа УИХ-ын гишүүд зардлыг 200, орлогыг 565 тэрбум төгрөгөөр өсгөн баталсан. Нэмж орлого олж чадна хэмээн дахин “өөдрөг”-өөр төсөөлсөн учир төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2.1-ээс 2 болон буурав.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

ГАЛ АЛДАЖ, “ГАХАЙ ЯВГАН, НОХОЙ НҮЦГЭН” БОЛЖ БОЛЗОШГҮЙГ
ДАХИН МЭДРҮҮЛЭВ

Төр засгийн сүүлийн 30 гаруй жилийн бодлогын алдаа завхралын горыг өдгөөгийн иргэд нуруундаа үүрч байна. Цахилгаан эрчим хүч, шатахуун гэсэн стратегийн гол бүтээгдэхүүнээрээ хойд хөршөөс хэт хамааралтайнхаа горыг бид энэ жил илүүтэй амсав.

Хойд хөрш бензин шатахууныхаа крантыг жаахан чангалав үү, үгүй юу Монгол Улс бараг бүхэлдээ гэрэл цахилгаангүй, хөлдөх аюултай нүүр тулдаг. Энэ байдал энэ жил давтагдаж, монголчууд “гахай явган, нохой нүцгэн” болох эрсдэлтэйг дахин сануулсан үйл явдлууд ар араасаа хөвөрлөө.

Эрчим хүчний системийн байгууллагууд энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Цар тахлын дараах хямрал аажмаар арилж, аж ахуйн нэгжүүдийн орлого тогтворжин, эдийн засаг сайжраад ирвэл, 2024 оны эхний хагас жилд үнэ нэмэх тухай ярих байх. Ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан 300 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад оруулснаар 2025 оны хавраас эрчим хүчний нөөцтэй болно гэж салбарын сайд нь “мөрөөднө” лээ.

Монголчууд бид өмнө нь шатахуун түгээх станцын гадна замын түгжрэл шиг урт цуваа үүсч байсныг мэдэхгүй. Энэ жил бензин, шатахууны хомсдол нүүрлэхэд, салбарын сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын АИ92 бензиний дундаж хэрэглээ 53000 тонн байдаг ч сүүлийн үед нэмэгдээд, 60000 тонн болсон. АИ92 бензиний нийлүүлэлт 100 хувь ОХУ-аас хамаардаг. Арванхоёрдугаар сард нийт 71000 тонн АИ92 бензинийг ОХУ-аас захиалснаас өнөөдрийн байдлаар 52000 тонн АИ92 орж ирсэн байна. 52000 тонн АИ92 манай улсад хэдийнэ орж ирээд, гаалийн бүрдүүлэлт хийгээд, буусан тоо.

ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 253 вагон АИ92 бензин ачигдаад, Монгол руу ирж явна. Манай дундаж хэрэглээнээс 10000 тонноор илүү АИ92 бензин энэ сард багтаж орж ирнэ. АИ92 бензинийг Наушик буюу хил хүртэл 705 ам.доллароор нийлүүлж байгаа бөгөөд таван жилийн урт гэрээтэй. Евро-5 стандартын 92 бензинийг литр нь 2,940 төгрөгөөр зарагддаг. Уг бензинийг 872 ам.доллароор нийлүүлдэг байсан бол 825 ам.доллар болж буурсан сайн мэдээтэй” гэж мэдэгдсэн.

Монгол Улсад анх удаа эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуур ашиглах туршилт амжилттай болсон нь хонгилын үзүүрт гэрэл асаав. Энэхүү батерей байнгын ашиглалтад орсноор импортын чадлыг 30МВт-аар бууруулж, сард 900 сая төгрөг хэмнэх нөхцөл бүрдэх юм.

ГАДААД ӨРИЙН  ДАРАМТААС АНГИЖИРЧ, ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР БОНДЫН ТӨЛБӨРҮҮДЭЭС БАРАГДУУЛСАН “ГАВЬЯА”

Энэ жил Монгол Улс дампуурахад тун ойрхон байсныг Сангийн сайд Б.Жавхлан нэгэн уулзалтын үеэр онцолж байв. Азаар маш богино хугацаанд хөрөнгө оруулагч гарч ирж, улсаараа дэлхийн шившиг болох эрсдэлээс аврагдсан нь гашуун үнэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадлаа” гэж зарласан. Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарсныг ч мэдэгдсэн билээ.

Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулжээ.

2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарав.

УРАНЫ ХЭЛЭЛЦЭЭГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЭВ

Уранаа ашиглаж чадвал эрчим хүчний хараат байдлаас гарах бүрэн боломжтойг эрдэмтэн, судлаачид онцолдог. Монгол Улс өнгөрч буй 2023 оны хувьд уран ашиглах яриа хэлэлцээг нэг шат ахиулж чадлаа.

Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Парис хотод гарын үсэг зурав.

“Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг САС хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокол”-ын хүрээнд татвар санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олборлолт, үйлдвэрлэл, технологи,  байгаль орчин, орон нутаг, гэрээ эрх зүй гэсэн чиглэлээр холбогдох сайд нараар ахлуулсан Ажлын дэд хэсгүүд хэлэлцээг хэвийн үргэлжлүүлж байна.

Нийт 100 хуудас, хавсралт 3 хуудастай, 26 зүйл, 543 заалттай гэрээний заалт тус бүрийг нухацтай хэлэлцэж байгаа учир тодорхой хугацаа шаардагдаж буй юм. Эдийн засаг, техник, технологийн аливаа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөөр талууд зөвшилцөлд хүрч чадсаны дараа энэхүү протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина.

“БАНКУУДЫН ЦАГАА ОЛООГҮЙ IPO” 

Монгол Улсын системийн нөлөө бүхий, арилжааны таван банк IPO амжилттай гаргаж, нээлттэй хувьцаат компани болов.  Тухайлбал, Монголын хамгийн том буюу нийт 2.7 сая харилцагчтай ХААН банк өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хувьцааныхаа 10 хувийг санал болгож, зах зээлээс нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээ мэдэгдсэн. Татан төвлөрүүлэх хөрөнгийн 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгосон.

Хөрөнгө оруулагчдын тоо 30 мянгаас даваагүй тохиолдолд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100 хувь бүрэн биелүүлэх зорилттой. ХААН Банк 2003 оноос тогтвортой хөгжсөөр нийт хөрөнгө нь 169 дахин өсчээ. Өдгөө тус банкны нийт актив 15 их наяд, зээлийн багц 8.0 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 13.3 их наяд төгрөгт хүрсэн нь банкны системийн хэмжээнд тэргүүлсэн хамгийн дээд үзүүлэлт юм.

Шинжээчид гадна, дотнын эрсдэлт олон хүчин зүйлийн улмаас IPO-гоо гаргаад буй банкуудын хувьцааны ханш унаж, алдагдал хүлээх эрсдэл бийг эртнээс анхааруулсан. Тиймдээ ч банкуудын IPO цагаа олоогүй, ёс төдий болсон тул ирээдүйд үүсч болзошгүй томоохон эрсдэлд бэлэн байхыг сануулав.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу