Dobu.mn сайт улиран одож буй 2023 онд дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ТУРК, СИРИД СҮЛИЙН 60 ЖИЛД ТОХИОГООГҮЙ ГАМШИГТ ГАЗАР ХӨДЛӨЛТ
59 МЯНГАН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДОВ

Энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн 10 гаруй хот, Сирийн хойд хэсгийг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Гурван удаагийн давтамжтай болсон уг газар хөдлөлтийн улмаас 59 мянган хүн амиа алдаж, 100 мянган хүн гэмтэж бэртсэн. Сүүлийн 60 жилд тохиогоогүй гамшиг дагуулсан энэхүү газар хөдлөлтийн улмаас 1.5 сая хүн орон гэргүй болж үлджээ.

Гамшигт өртсөн бүс нутгийн хувьд цаг агаар хүйтэн, зайрмагтсан байдалтай, бороо цас холилдож орсоор байсан нь аврах ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байв. Хамгийн сүүлд буюу газар хөдлөлтөөс ес хоногийн дараа нуранги дотроос гурван эмэгтэй, дөрвөн хүүхдийг амьд мэнд олж чаджээ.

НҮБ, Олон улсын байгууллагууд болон дэлхийн улс орнууд хоол хүнс, аврах хэрэглэл, эм тариа болон мөнгөн тусламжийн гараа харамгүй сунгав. Монгол Улсын хувьд 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа Турк улсад илгээснээс гадна хүнс, шаардлагатай хэрэгцээт бараа бүтээгдэхүүн ч хандивласан билээ.

ХЯТАДЫН БҮРЭН ЭРХЭЭ ГУРАВ ДАХЬ УДААГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ
АНХНЫ УДИРДАГЧ

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы төлөөлөгчид 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонгоноор тэрбээр таван жилийн бүрэн эрхийг гурав дахь удаагаа хэрэгжүүлэх анхны удирдагч болов.

Тэрбээр Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө гурав дахь удаагаа тангараглалаа. Энэ жил 70 нас хүрсэн Ши Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард ХКН-ын төв хороо, Цэргийн зөвлөлийн даргаар ажиллаж, 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын төрийн тэргүүн, Цэргийн төв зөвлөлийн даргын албыг хашиж эхэлсэн түүхтэй.

Тэрбээр “Бүс ба зам” чуулганы 15 жилийн ойгоор, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойшхи анх удаа уулзсан. Энэ үеэр талууд ирэх онд болох Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн талаар санал солилцсон. Мөн Ши Жиньпин хамтран дэлхийн хамтын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Түүнчлэн БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин зургаан жилийн дараа АНУ-д айлчилсан нь өнгөрсөн оны нэгэн онцлох үйл явдал байв. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Сан Францискод уулзаж, дараа нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-ийн жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцсон. Түүний Байдентай хийсэн дээд хэмжээний уулзалт нь АНУ, Хятадын удирдагчдын сүүлийн нэг жилийн хугацаанд болж буй анхны нүүр тулсан уулзалт бөгөөд хоёр орны харилцааг сайжруулах боломж байв.

ТӨРД ТЭРСЭЛСЭН “ТОГООЧ”-ИЙН ҮХЭЛ

ОХУ-ын ерөнхийлөгчийн ойрын хүн, “Путины тогооч” гэгддэг Евгений Пригожиноор удирдуулсан “Вагнер” хөлсний цэргийн бүлэглэл зургадугаар сарын 23-нд ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргүүд рүү гал нээж, “Шударга ёсны жагсаал” бослогод уриалсан.

“Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожины үүсгэн байгуулсан “Конкорд” компани ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг хүнсээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “Путины тогооч” хэмээн нэрлэдэг байв.

Нөхцөл байдал харьцангуй намжмал хэсэг хугацаа өнгөрсөн ч үйл явдлаас хоёрхон сарын дараа буюу наймдугаар сарын 23-ны өдөр Евгений Пригожин онгоцны ослоор амиа алдсан. Түүний үхэл цаг зуурынх байсан уу, эсвэл захиалгат уу гэдэг таамаг хэвээр үлдсэн ч Кремль ямар ч холбоогүйгээ мэдэгдсэн билээ.

Бахмутын тулаанд үлэмж хэмжээний хохирол амссан Евгений Пригожин Оросын Батлан хамгаалахын удирдлагуудтай илтэд зөрчилдөн, улмаар зургаадугаар сарын 23- нд түүний хөлсний арми Доны Ростов хотын төв болон цэргийн байгууллагуудыг хяналтдаа авч Москва руу “Шударга ёсны цуваа” хөдөлгөлөө. Гэвч нийслэлд 200 км ойртсон хөлсний армийн тэргүүн ОХУ-ын ойрын түнш Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкотой хэлэлцээ хийж дээрх төлөвлөгөөгөө зогсоосноо зарласан.

Пригожиныг ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явсны дараа түүний цэргүүдэд Оросын армид зүтгэх, гэртээ харих, Беларусьт үлдэх гэсэн гурван сонголтыг В.Путин санал болгож байв.

ДЭЛХИЙН ТОМООХОН БАНКУУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА

Улиран одож буй он дэлхийн банк санхүүгийн салбарт амаргүй жил болж өндөрлөлөө. Тухайлбал, “Silicon Valley”, “First Republic bank”, Швейцарын “Credit Suisse” банкууд дампуурлаа зарлав.

Шинжээчид “Silicon Valley” банкны дампуурлын шалтгааныг үйлчлүүлэгчид олноор хадгаламжаа нэгэн зэрэг татсан, банкны бүтээгдэхүүний хувьд төрөлжүүлэлт дутмаг, сонгодог банкны үйл ажиллагаанд суурилсан, мөн хадгаламж эзэмшигчдийн ихэнх нь гарааны компаниуд байсан гэж дүгнэжээ.

АНУ даяар 2022 онд инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөхөд тус банкны бондын багц буурч эхэлсэн байна. Хэрэв “Silicon Valley” банк эдгээр бондыг дуусгавар болох хүртэл нь эзэмшиж байсан бол өөрийн хөрөнгөө эргүүлэн авах боломж байжээ.

“First Republic” банк оны эхэнд хувьцаа нь 98 хувиар унасан нь дампуурлын гол шатгаан болсон аж. АНУ-д нэр хүндтэйд тооцогдох тус банкны нэгж хувьцаа 147 ам.доллар байснаа 3.50 ам.доллар болтлоо буурчээ.

Найдвартай банкны системтэйгээрээ дэлхийд гайхагддаг Швейцарийн “Credit Suisse” банк сүүлийн жилүүдэд хэд хэдэн дуулиан дэгдээж, хувьцааны үнэ нь гуравдугаар сарын 15-нд Швейцарийн хөрөнгийн бирж дээр унасан. Мөн Саудын Арабын Үндэсний банкны тэргүүн гол хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмж, хувьцаа 30 хувиар унаж, түүхэн доод түвшинд хэмжээндээ хүрчээ.

ИЗРАИЛЬ, ХАМАСЫН МӨРГӨЛДӨӨН ГАЗЫН ЗУРВАСЫГ “ҮХЛИЙН ТАЛБАР” БОЛГОВ

Израиль, Палестины “ХАМАС” бүлэглэлийн олон жилийн зөрчил хурцдаж, Газын зурвас “үхлийн талбар” болж, үй олон энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд амиа алдав. Аравдугаар сарын 7-ны Бямба гарагт ХАМАС бүлэглэл Израилын хойд хэсэг рүү дайрч, Газын зурвас тайван бус болж, ойролцоогоор 3000 орчим пуужин харвасан. Аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 1200 гаруй энгийн иргэн амиа алдаж, 4000 хүн хүнд, хөнгөн шархдаж гэмтэн, 6000 гаруй пуужингаар бөмбөгдсөн мэдээлэл гарч байв.

Хоёр тал гал зогсоох оролдлогыг хэд хэдэн удаа эхлүүлж, энх тайвны коридороор гэмгүй иргэдийг нэвтрүүлэх тохиролцоо хийж байгаа ч олон жил болсон энэ зөрчил чухам хэзээ эцэс болох нь тодорхойгүй хэвээр байна.

“ХАМАС” бүлэглэл 1987 онд байгуулагдсан гэж үздэг, Палестины засаг захиргаанаас ялгаатай нь Израиль улсын тусгаар тогтнолыг үгүйсгэсээр иржээ. Олон улсын судлаачид дэлхий дахинд тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж, олон улсын харилцаа, геополитикийн орчин ноцтой доройтсоор байгаагийн тод илрэл Израил-Хамасын мөргөлдөөн болж байна хэмээн дүгнэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу