2023 оны хоёрдугаар сарын 08. Эл өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгож буйгаа зарласан. Энэ үеэс улс төрийн тогоонд олон үйл явдал “буцалж” эхлэв. Жилийн турш “дуншиж” явсны эцэст оны төгсгөлд нүүрсний сонсгол болж, Т.Бадамжунайг сүр дуулиантайгаар баривчлан авчирч, төрийн байгууллагуудын санхүү, хууль бус газар олголтын мэдээллийг ил болголоо. Нөгөө талд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаднын орнуудад томоохон айлчлал хийж, УИХ-ын гишүүд сонгуулийн “дүрмээ” тохирлоо. Ингээд өнгөрч буй 2023 онд улс төрийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тавыг нь онцолж байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ТАВАН “Ш” АЖИЛЛАГАА-

Шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шилэн. Ийм таван ажиллагааг хэрэгжүүлэх талаар Засгийн газар зарласан ч “шилэн” ажиллагаанаас бусад нь дорвитой үр дүнд хүрсэнгүй.

“Шилэн” ажиллагааны хүрээнд 973 мянга гаруй мэдээллийг ил болгожээ. Мөн 10 мянган хуудас бүхий зөрчилтэй материалыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна.

“Шувуу” ажиллагааны хүрээнд “шүүрсэн” хамгийн “том”, эрх мэдэлтнүүд нь МАН-ын удирдлагууд, Засгийн газар, нийслэлийн томилгоог “шийдэж” ирсэн Т.Бадамжунай байв. Түүнийг дөрөвдүгээр сарын 5-нд Филиппинээс сүр дуулиантайгаар авч ирсэн. Гэвч хэрэг нь таг гацав. Түүнийг зургаан зүйл ангиар яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.  Ямартай ч тэр АТГ-т байцаалт өгөхдөө хэд хэдэн хүний нэр цохсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 3-нд болсон ч “хэргийг буруу тусгаарласан” гэх үндэслэлээр прокурорт буцаасан. “Шувуу” ажиллагааны хүрээнд нийт 92 этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Засгийн газраас мэдээлж байв. Үүний дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар бий. Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа тэдний байгаа улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллаж эхэлсэн гэж мэдэгдсэн ч мөн л таг чиг байна.

“Шүүр” ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Эрдэнэс Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс, “Эрдэнэс Монгол” компанийн Зэс металлургийн группын захирал Х.Бадамсүрэн нарыг чөлөөлснөөр эхэлсэн. Үүнээс хойш 3,387 байгууллагын 3,159 албан тушаалтанд хамаарах 6,278 зөрчлийг илрүүлсэн талаар Засгийн газар мэдэгдэж байв. Гэвч өнөөдрийн байдлаар 481 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 1,344 албан тушаалтны зөрчлийг арилгуулжээ. Энд хүрээд зогссоны шалтгаан нь “шүүр” ажиллагаанд МАН-ынхан өртөөд байсан гэх мэдээлэл бий.

-ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛ БА ГАДААД ХАРИЛЦАА-

Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх том гүрнүүдэд айлчилж, эх орондоо урьж, гадаад харилцаагаа үлэмж хэмжээгээр тэллээ. Төрийн тэргүүн энэ жил Лаос, БНСУ, Чех, Словени, Швейцарь, Казахстан, Куба, Киргиз, БНХАУ, ОХУ, Вьетнам, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудын төрийн тэргүүнүүдтэй уулзалт хийсэн.

Бүгд найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарыг эх орондоо урьж, гэрээ хэлэлцээ хийлээ. Мөн Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг урьж, уулзсан юм.

Уулзалтуудын үр дүнгээр Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам улсууд руу визгүй зорчих боломжийг нээсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Франц улсын “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан нь онцлох үйл явдал байв.

-ПАРЛАМЕНТ 126 ГИШҮҮНТЭЙ БОЛНО-

УИХ-ын дарга Г.Занданшатарын парламент Үндсэн хуульд “гар хүрч”, сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчиллөө. Ингэснээр 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж буй парламент 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болохоор тогтов. УИХ-ын 126 гишүүний 78 нь тойргоос сонгогдож, үлдсэн 48 нь жагсаалтаар орж ирнэ. Ингэж өөрчлөлт оруулахдаа тэд 76 дарга гэдэг ойлголт 126 төлөөлөгч рүү шилжинэ хэмээн тайлбарласан.

Үндсэн хуульд ийн өөрчлөлт оруулсны дүнд ирэх парламентад олон намын төлөөлөл орох боломж бүрдэв. Үүнтэй зэрэгцэн жижиг намууд хүчтэй “амь орж” эхлээд байна.  Тухайлбал, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан буюу Буянгийн Жагаа “Манай намыг сайн дэмжээд өгвөл энэ улсыг цэгцэлье гэж бодож байна” хэмээн ярьж явна.

Ямартай ч ирэх жилээс Монгол Улсын Их хурал 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Ингэснээр чуулганы хуралдаанд оролцсон 40 гишүүний 21 нь дэмжиж, хууль баталдаг байдалд цэг тавина.

-СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ТОМСГОЖ, БАЯН-ӨЛГИЙГ “ГАНЦААР” ҮЛДЭЭВ-

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэл Улаанбаатарт зургаа, нийт 13 байхаар батлав. Тодруулбал,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;

Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;

Баян-Өлгий аймаг 3-р тойрог;

Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;

Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;

Баянзүрх дүүрэг 8-р тойрог;

Баянгол дүүрэг 9-р тойрог;

Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;

Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;

Хан-Уул дүүрэг 12-р тойрог;

Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байгуулна. 

УИХ-ын гишүүд ийн өөрчилснөө “Жалганы улс төр арилна. Тойрог усалдаг төсвийн тогтолцоо буурч, орон нутагт зах зээл, бизнес сэргэж, аж үйлдвэр хөгжинө” хэмээж буй. Харин улс төр судлаачид “Жалганы улс төр хийлээ гэж тойргоос сонгогдсон гишүүдийг бид шүүмжилдэг бол сонгуулийн тойргийг бүр том болгох нь жалгыг л томруулж буй хэрэг” гэх байр суурийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, “Хамгийн их танигдсан, хамгийн их хөрөнгө чинээтэй хүмүүст л илүү давуу тал бий болно. Шинэ нэр дэвшигчид сонгогдох магадлал маш бага” гэж байна.

-НҮҮРСНИЙ СОНСГОЛ-

Өнгөрч буй онд “нүүрсний хулгай” олны анхаарлын төвд байлаа. Оны өмнө монголчуудыг “босгосон” эл асуудлаар сонсгол хийхээр болж, жилийн турш “дуншсаар” энэ сард болов. Мэдээж сонсголыг гардаж хийсэн, гол дүр нь ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр байлаа.  Харин нөгөө талд Тавантолгойн ордыг цөлмөсөн нь ил болов.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар 4557 га газрыг гадныханд эзэмшүүлсэн асуудал яригдсан. Нэг га газар нь нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн талаар шинжээч танилцуулж байв.

Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан. Энэ нь тав орчим тэрбум ам.долларын нүүрсний асуудал гэв.

Мөн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ар өврөөр дамжин нүүрсэнд нэвт сүлбэлдсэн нүүрсний бүлэглэл, Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр улсын нууцад авч байгаад мөнгө угаасан гэгдэх “Бодь интернэшнл”, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд олон асуудал олныг “ангайлгав”. Тавантолгойн бүлэг ордын нэг том орд болох 404 их наяд төгрөгийн үнэлгээтэй Бортээгийн уурхайг МТАС түншлэл авсан гэх мэдээлэл ч гарав.

Харин нүүрсний сонсголд ирэх ёстой байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, “Монголын төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Өмнөговь аймгийн нүүрсний “магнат” гэгдэх Ваанчигийн Мөнхбат тэргүүтэй хүмүүс “зугтчихсан”.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан, яллагдагч Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох хүсэлтэй байсан ч оруулсангүй. Ийм нэг сонсгол болж өнгөрөв. Сонсголоор ил болсон асуудлуудыг ирэх жил хуулийн байгууллага шалгах биз ээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу