Японы төвийн бүсийн Ишикава мужид өнгөрсөн Даваа гаригийн 16.10 цагийн орчимд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами болон түймэр дэгджээ. Мягмар гаргийн байдлаар, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 24-д хүрсэн байна.

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы далайн эрэг дагуух Ишикава, Нигата, Тояама, Яамагата, Хюго зэрэг мужид цунамийн түгшүүр зарласан байна.

Японы цаг уурын агентлаг Ишикавагийн Ното хойгт 3 метр ба түүнээс дээш өндөр цунами үүсч болзошгүйг тусгайлан анхааруулж, хэдэн цагийн дараа түүний зэрэглэлийг бууруулжээ. Тус мужийн Важима боомтод 1.2 метр ба түүнээс дээш өндөр цунами үүссэн бол Тояама хотод 16.23 цаг орчимд 80 см-ийн өндөр цунами бүртгэгдсэн байна.

Японы Засгийн газар байгалийн гамшгийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч буй бөгөөд газар хөдлөлтийн бүсэд байрлалтай цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийж, түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.

2011 онд тус улсын зүүн хойд нутгийн бүс нутгийг сүйрүүлж, Фүкүшимагийн цөмийн хямралыг үүсгэсэн 9.0 баллын газар хөдлөлт, цунамигаас хойш анх удаа ийм онцгой сэрэмжлүүлэг өгч байгаа аж.

Орон нутгийн эрх баригчид Ишикава болон бусад мужид болсон газар хөдлөлтийн улмаас 30 орчим хүн бэртэж гэмтсэн талаар мэдэгджээ. Тояма мужид байрлах Пачинко хоолны газрын тааз нурж, найман хүн гэмтэж бэртсэний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар тус мужийн удирдлага мэдэгдсэн байна.

Цунами Японы тэнгисийн эрэгт тулж, өндөр нь 5 метрт хүрч болзошгүй байгаа аж. Японы Цаг уурын хүрээлэнгээс Нигата мужид 3 метр орчим өндөр цунами үүсэж болзошгүй талаар ойр ойрхон мэдээлж, ард иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж буй юм байна.

Ишикава мужид хэд хэдэн том барилгад цууралт үүсэж, 36 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Газар хөдлөлтийн бүсэд буй, далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, сонор сэрэмжтэй байж, эргээс холдож, өндөрлөг газар луу нүүхийг зөвлөсөн байна.

Мөн Японы төв болон зүүн бүсийн мужуудад аюулгүй байдлын үүднээс хурдны галт тэрэгний үйлчилгээг зогсоожээ.

Япон улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд 2011 оны гуравдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас олон хүний амь эрсдэж, цөмийн цахилгаан станцад гамшиг нүүрлэсэн билээ.

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хаяаши хэлэхдээ, Ишикава мужийн Шика хотод байрлах цөмийн цахилгаан станц газар хөдлөлтөд өртсөн эсэхийг нягтлан шалгаж, ноцтой гэмтэл илрээгүй талаар мэдэгдсэн байна. Тус станцын хоёр реакторыг унтраажээ.

Газар хөдлөлтийн улмаас гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу орж, гарах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, “JR East” компани Тохоку, Жоэцү, Хокурикү чиглэлийн бүх хурдан галт тэрэгний үйл ажиллагааг зогсоосон бол “All Nippon Airways”, “Japan Airlines” 25 нислэгээ цуцалжээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида сэтгүүлчидтэй уулзахдаа Засгийн газар шөнөжин ажиллахын зэрэгцээ мэдээллийг шуурхай авч буй талаар мэдээлсэн байна. Гал түймэр, гамшгаас хамгаалах газраас мэдээлснээр, нийт есөн мужийн 97 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх зааварчилгаа өгчээ.

Японы Батлан ​​хамгаалах яамнаас 1000 орчим хүнийг Важима дахь Агаарын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний баазад нүүлгэн шилжүүлж, хөнжил, ус, хоол хүнс тарааж буй талаар мэдэгдсэн байна.

Хойд болон Өмнөд Солонгос зүүн эргийн бүс нутгуудад ижил төстэй сэрэмжлүүлэг өгсөн гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрх баригчид мэдээлжээ.

Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа ОХУ-ын Засгийн газар Алс Дорнодын баруун эргийн Сахалин мужид цунами үүсэх эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн талаар “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалж: JAPAN TODAY, NHK
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу