Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Ли Жэ Мён Мягмар гарагт өмнөд нутгийн Бусан хотод айлчлах үеэрээ хүзүүндээ хутгалуулж, их сургуулийн эмнэлэгт онгоцоор хүргэгдсэн талаар тус намаас мэдэгджээ.

YTN телевиз “Халдлагын улмаас түүний хүзүүнд 1 см орчим хэмжээтэй шарх үүссэн” гэж мэдээлсэн бол эмнэлгийнхэн улстөрчийн гэмтлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд харамсалтайгаар ялагдал хүлээсэн Лиг нисэх онгоцны буудлын барилгын ажлын явцтай танилцах үед үл таних этгээд халдаж, яаралтай эмчилгээ хийлгэж байсан талаар албаныхан “Reuters” агентлагт мэдээлсэн байна.

Лиг галын албаны нисдэг тэргээр Бусаны Үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэсэн талаар тус намын ажилтан болон онцгой байдлын албаны хүмүүс мэдээлжээ. Ардчилсан намын нэгэн ажилтан “Reuters” агентлагт мэдээлэхдээ “Ли эмнэлэгт эмчлүүлж байна” гэж ярьсан байна.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, халдлага болсноос 20 минутын дараа Ли Жэ Мён эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд албаныхан түүний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Халдлага үйлдсэн этгээд 50-60 орчим насны эрэгтэй агаад Лигийн нэртэй цаасан “титэм” зүүсэн байжээ. Лиг олон арван дэмжигчид болон сэтгүүлчдийн дунд зогсон, үг хэлэх үеэр гэмт этгээд ойртон ирж, гарын үсэг авах нэрийдлээр түүн рүү дайрсан нь дүрс бичлэгт бичигдэн үлдсэн байна.

Гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилсан бөгөөд тэрбээр цагдаагийнхны асуултад хариулахаас татгалзсан талаар өдөр тутмын “Бусан Илбо” сонин мэдээлжээ.

YTN телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр X платформ дээр тавигдсан дүрс бичлэгүүдээс гэмт этгээдийн Ли рүү дайрч буй үйлдлийг харж болох аж. Халдлагын улмаас Ли-гийн хүзүүнээс цус урсан, тэрбээр нүдээ аньсан байдалтай газар хэвтэж, хүмүүс хүзүүн дээр нь алчуур тавьж буй гэрэл зургууд хэвлэлүүдэд нийтлэгдсэн байна.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёол халдлагыг зэмлэн буруушааж, хатуу арга хэмжээ авахыг үүрэг болголоо гэж түүний ажлын албанаас мэдэгджээ. Тэрбээр “Ийм төрлийн хүчирхийллийг ямар ч нөхцөлд тэвчиж болохгүй” гэж хэлсэн байна.

Кёнги мужийн амбан захирагч асан Ли 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхий прокурор асан, консерватив үзэлтэй Юнд ялагджээ. Тэрбээр 2022 оны наймдугаар сараас хойш сөрөг хүчний гол намыг удирдаж буй аж.

Ли Сөүлийн ойролцоох Соннам хотын даргаар ажиллаж байхдаа бүтээн байгуулалтын төслийнхнөөс авлига авсан хэргээр шүүгдэж буй бөгөөд өөрийг нь буруутай гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Өмнөд Солонгосын парламентын ээлжит сонгууль ирэх дөрөвдүгээр сард болно. Тус улс улс төрийн хүчирхийллийн түүхтэй хэдий ч зэвсэг эзэмшихийг хатуу хориглодог байна. Хэдийгээр томоохон арга хэмжээнд цагдаа нар хууль сахиулах үүргээ биелүүлэн оролцдог ч улс төрийн удирдагчдын хувьд аюулгүй байдлын хамгаалалт хангалтгүй байдаг ажээ.

Сүн Ён Гил 2022 онд олон нийтийн арга хэмжээний үеэр халдлагад өртөж, толгой руугаа мохоо зүйлээр цохиулж, гэмтэж байжээ. Түүний дараа консерватив сөрөг хүчний намын дарга, хожим ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Пак Гын Хэ 2006 онд нэгэн арга хэмжээний үеэр нүүрэн тус газраа хүйтэн мэсээр зүсүүлж, мэс засал хийлгэх шаардлагатай болж байсан аж.

Цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг гартаа авсныхаа дараа 16 жил ерөнхийлөгчийн алба хашсан түүний эцэг Пак Чон Хи 1979 онд хувиараа оройн зоог барьж, согтсон үедээ тагнуулын даргадаа буудуулж амиа алджээ.

Өмнөд Солонгост суугаа АНУ-ын Элчин сайд Марк Липперт 2015 онд олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ халдлагад өртөж, нүүрэндээ том шархтай үлдсэн байна.

Өдгөө 59 настай Ли Жэ Мён улстөрч, нийгмийн зүтгэлтэн, иргэний эрхийн хуульч бөгөөд 2010-2018 онд Соннам хотын дарга, 2021 он хүртэл Кёнги мужийн захирагчаар ажиллаж байжээ. 2022 онд тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, 47.83 хувийн санал авсан аж.

Юн Сок Ёлийг ерөнхийлөгч болсны дараа Ли Жэ Мён түүнийг чадваргүй, харгис бодлого явуулж байна хэмээн буруутгаж, төрийн бүтцийн шинэчлэл хийж, засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхийг шаарджээ. 2023 оны есдүгээр сард тэрбээр эсэргүүцэл илэрхийлэн, өлсгөлөн зарлаж байсан аж.

Эх сурвалж: REUTERS, YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу