Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам (ЭСЯ)-наас мэдээлснээр, газар хөдлөлт болсон Ишикава мужид өнөөдрийн байдлаар 123 монгол иргэн оршин сууж байгаа аж. Тус мужтай хиллэдэг Тояма мужид 111, Фүкүй мужид 43 монгол тус тус оршин сууж буй юм байна.

ЭСЯ-наас монгол иргэддээ хандан, хоёр удаагийн сэрэмжлүүлэг гаргаж, зарим иргэд болон Тояма дахь өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдон, нөхцөл байдлыг тодруулж ажиллажээ.

Одоогийн байдлаар монгол иргэд гамшигт өртсөн тухай мэдээлэл байхгүй байгаа аж. Энэхүү газар хөдлөлт нь Япон тэнгис орчмын бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож буй юм байна.

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам “Газар хөдлөлт Номхон далай талд буюу Токио, Осака хотыг хамарч, “Нанкай трап”, “Токио” гэсэн газар хөдлөлт ойрын ирээдүйд нүүрлэж болзошгүй бөгөөд ойрхон ирснийг сануулж байна.

Цаашид иргэд газар хөдлөлт, цунамийн талаар мэдлэгээ дээшлүүлж, бүс нутаг тус бүрээр гамшгийн үеэр бие биетэйгээ болон монголчуудын групп, Элчин сайдын яамтай холбоо барих механизмаа сайжруулах шаардлагатай байна. Гамшгийн талаарх мэдээлэлийг ЭСЯ-нд доорх мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.

tokyo@mfa.gov.mn
emb.tokyo@gmail.com
ЭСЯ, Консулын хэлтэс
https://tokyo.embassy.mn/page/820” гэжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу