Хонконгийн цагдаа нар өдгөө 26 настай монгол залууг MTR-ийн буудал дээр харааны бэрхшээлтэй өндөр настныг дээрэмдсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг өнгөрсөн Даваа гарагт хэлэхдээ, уг этгээдийг “Fortress Hill MTR” буудал дээр 67 настай, хараагүй эрэгтэйг дээрэмдэхээсээ хэдхэн цагийн өмнө нэгэн хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй талаар мэдээлсэн байна.

Леунгийн хэлснээр, сэжигтэн этгээд тус хотод оршин суух зөвшөөрөл бүхий түр үнэмлэх, таних хуудастай нэгэн аж. Монгол залуу Ням гаргийн 10.30 цагийн үед нэгэн өндөр настны гар утас, 3500 хонконг доллар (448 ам.доллар), иргэний үнэмлэхтэй цүнхийг хулгайлж буй нь камерт бичигдэн үлджээ.

Байцаагч Луенг “Бид камеруудын бичлэгийг шалгаж, Сай Ин Пуны эргэн тойронд эргэлдэж байсан сэжигтнийг олж тогтоосон” гэж нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр, мөрдөн байцаагчид сэжигтнийг эрэн сурвалжилж, өнгөрсөн Ням гарагт дээрэм, хулгайн хэрэгт сэжиглэн, гэрээс нь баривчилжээ.

Сэжигтнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Сэжигтэн этгээд Сай Ин Пун дахь дэлгүүрээс нэг лааз шар айраг, хэд хэдэн шоколад хулгайлсан нь дүрс бичлэгт бичигдэн үлдсэн талаар Леунг нэмж хэлсэн байна.

Сэжигтний гарал үүслийг тодруулах ажиллагаа үргэлжилж буй аж. Байцаагч “Биеэ хамгаалах чадваргүй хүмүүсийг дээрэлхэж, эмзэг бүлгийнхэн рүү чиглэсэн гэмт хэргийг бид эрс буруушааж байна” гэж хэлжээ. Хэрэв сэжигтний үйлдэл нотлогдвол 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэх юм байна.

Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу