Японы Ишикава мужид болсон газар хөдлөлт 1995 онд 6000 гаруй хүний амийг авч одсон Ханшин-Аважигийн хүчтэй газар хөдлөлттэй адил хүчтэй байжээ.

Киотогийн их сургуулийн Гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааны хүрээлэнгийн профессор Гото Хироюки Японы төв хэсэгт орших, газар хөдлөлтөд өртсөн Ното хойгийн газруудаас авсан сейсмометрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Тэрбээр Важима, Сузу болон Анамизу хотын зарим хэсэгт газар хөдлөлтийн чичирхийлэл нэг секунд орчим үргэлжилснийг олж мэдсэн бөгөөд “Ийм газар хөдлөлт нь модон орон сууцны барилгыг сүйтгэх хандлагатай байдаг” гэж хэлжээ.

Сүйрлийн цар хүрээг тодорхойлоход эрт байгаа хэдий ч Ното хойгт нурсан барилга байгууламж, эвдэрсэн замаас эхлээд маш их хэмжээний хохирол учирч болзошгүй гэж нэмж хэлсэн байна.

Японы Тээврийн яамнаас “Ното нисэх онгоцны буудалд 500 орчим хүн хаашаа ч үгүй гацсан байдалтай байна” гэж мэдэгдэв. Тус онгоцны буудал газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан Важима хотод байрладаг байна. Ойролцоох замууд эвдэрч, зорчигчид болон тэнд хоргодож буй нутгийн иргэд тусгаарлагдсан байдалтай байна” гэж мэдэгджээ.

Нисэх буудлын терминалын барилгын хана, таазад цууралт үүсч, цонхууд хагарч, нүүлгэн шилжүүлсэн хүмүүс зогсоолд автобус, түрээсийн машиндаа байгаа аж. Тус яамнаас “Иргэд хоол хүнс, хөнжилтэй болсон” гэж мэдээлжээ.

Нисэх буудлын хөөрч, буух зурвасуудад 10 см гүн, 10 гаруй метр урт хагарлууд үүссэн байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, нислэгийн зурвасыг Пүрэв гараг хүртэл хаах бөгөөд замын эвдрэлийн улмаас засварын ажилчид нисэх буудалд хүрч чадахгүй байгаа юм байна.

Мөн Нийгата хотын зарим хэсэгт замууд шавар, элсэнд дарагдаж, зарим барилга байгууламж хазайжээ. Ниши тойргийн Зенку дүүрэгт инженерийн шугам сүлжээний шон хазайж, орон сууцны хороолол шаварт “дарагдсан” байна.

Эх сурвалж: NHK
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу